ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-25 15:33:22

Улиастай /МОНЦАМЭ/. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үр дагаврын талаарх тодруулгыг Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, дэслэгч О.Төгөлдөрөөс тодрууллаа.


-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт Завхан аймагт хэр их байна вэ?

-Баруун бүс нутгийн хэмжээнд, Завхан аймаг нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихтэй буюу 2021 онд 150, 2022 онд 151 хэрэг бүртгэгдсэн. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахад урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн ажлыг цагдаагийн газраас авч хэрэгжүүлж байна.


-Гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь?

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан зодолдох, уур бүхимдлаа хүчээр шийдэх. Гэр бүл дэх тэгш бус харилцаа, иргэдийн гэмт хэрэг, зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаарх эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэгдэж байна.

Тиймээс шалтгаан нөхцөлийг арилгах, аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах.

Иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэх зорилгоор энэ төрлийн  гэмт  хэрэг  хамгийн  их гардаг гуравдугаар сарыг сонгож, 3 дугаар сарын 15-31-ний өдрийг хүртэлх хугацаанд, Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.


Эрүүгийн хуулийн 11-р бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” Монгол Улсын хэмжээнд, 2018-2022 онд 38.846 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 27.1 хувийг дангаар эзэлж байна. 2018-2019 онд 9.3 хувь, 2019-2020 онд 8.5 хувь, 2020-2021 онд 0.56 хувь тус тус бууралттай.

Харин 2021-2022 онд 23.9 хувиар өссөн байна. Энэ гэмт хэргийн дийлэнх хувийг 18-39 насны залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэж байна. Нийт бүртгэгдсэн хэргийн 3878 буюу 50.7 хувь нь ахуйн хүрээнд бүртгэгдсэн үүнээс монгол гэрт 22.6 хувь, орон сууцанд 11.9 хувь, гудамж талбайд 26.5 хувь, олон нийтийн газарт 6.8 хувь, баар, ресторанд 1.8 хувь нь тус тус үйлдэгдсэн байна.

Нөлөөллийн ажлыг эрчимтэй явуулж хамтын оролцоог сайжруулахгүй бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нэмэгдэж байна.

Энэ төрлийн гэмт хэргийн 88,6 хувь нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байгаа. Шалтгаан нь хоромхон зуурын уур бухимдлаа барьж дийлэхгүй, архидан согтуурсан үедээ үйлдэж байна. Богино хугацаанд хүний эрүүл мэнд, аминд ноцтой хохирол учруулдаг.

Үл ялих шалтгаанаас болж гэмт хэрэгт холбогдож байгаа учраас мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж, хор уршгийг нь танин мэдүүлж байвал буурах бүрэн боломжтой юм. Шалтгаан нөхцөлийг, хуулийн заалтыг нь таниулж, нөлөөлөл хийхэд хамтын оролцоо чухал юм.


-Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад хамтын оролцоо чухал гэж та хэллээ?

-Тийм ээ. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг бол энгийнээр хэлэхэд зодолдох, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн хэлбэрээр үйлдэгдэг. Тиймээс гэр бүлдээ архидан согтуурахгүй байх. Ажлын байр болон ахуйн орчинд архидан согтуурахгүй байхыг хичээх нь зүйтэй. Мөн өсвөр насны хүүхэд залуучуудын хараа хяналтыг сайжруулж, онцгойлон анхаарал тавих хэрэгтэй байна.


Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх асуудал дээр бол гудамжинд зодолдохоор гэмт хэрэг болоод гэртээ ороод зодолдохоор гэмт хэрэг болдоггүй асуудал юм. Гэр бүлийн гишүүнийхээ хэн нэгэнд гар хүрч байгаа бол ноцтой гэмт хэрэг. Гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд болон орон нутагт тодорхой нөлөөллийн ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг харьцангуй багасаж байгаа. Харин зодолдох, танхайрах гэмт хэргийн тоо буурахгүй байна. Тиймээс бүх шатны байгууллагуудын хамтын оролцоо чухал юм.

Бусдын эрүүл мэндийн эсрэг халдашгүй байдлын гэмт хэрэгт ямар хүмүүс холбогдож байна гэхээр залуу, дунд эргэм насны хүмүүс холбогддог. Бусад гэмт хэргээсээ онцлох шинж нь гэвэл өөрийн болон хүний биед гэмтэл учирдаг. Хор уршиг ихтэй.


Хэрэг үйлдэгдэж байгаа цаг хугацааны хувьд авч үзвэл, 19.00-22.00 цагийн хооронд 1554,  14.00-19.00 цагийн хооронд 1825,  6.00-14.00 цагийн хооронд 1432, 22.00-6.00 цагийн хооронд 2826 буюу 37.0 хувь буюу хамгийн өндөр хувийг дангаар эзэлж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн 53.0 хувийг 18-34 насныхан эзэлж байна.  Харин 11.0 хувь нь эмэгтэй хүн, 270 буюу 3.8 хувийг насанд хүрээгүй хүүхэд байна.


Үүнээс үзэхэд, хүүхэд, залуус бусадтай үл ялих шалтгаанаас үүдэн маргалдаж, улмаар зодолдсоноор эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлдэж байгаа юм. Тиймээс иргэн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, амьдралдаа зөв хэвшил, зөв хандлагыг төлөвшүүлж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Хүний эрүүл мэнд, эрхэнд халдсанаар ямар хуулийн хариуцлага хүлээх талаар хууль эрх зүйн мэдээллийг олон нийтийн хэрэгслээр ухуулах ажлыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өш хонзон санасан биш тухайн үед л уураа барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг. Тиймээс хүүхэд, залуучуудаа ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё гэж уриалмаар байна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ