Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-23 16:06:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-д төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутан залуучуудтай өнөөдөр уулзах үеэрээ албан ёсоор зарлалаа.


Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриалав.

Тус тэтгэлэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч иргэнийг хөгжүүлэх, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулах зорилготой.


Тэтгэлгийн сонгон шалгаруулалт хоёр үе шатаас бүрдэнэ.

I шат: Бичиг баримтын бүрдүүлэлт, эссэний үнэлгээ хийнэ.

Үүний тулд тэтгэлэг горилогчид www.shineMyangan.mn цахим хуудас руу нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн, тэтгэлгийн өргөдлийн маягтыг бөглөж холбогдох нотлох баримт болон эссэ хавсаргана. 

II шат: Эхний шатанд тэнцсэн тэтгэлэг горилогчид нэгдүгээр шатанд ирүүлсэн эссэний агуулгын хүрээнд илтгэл /PPT/ бэлтгэж танилцуулж үнэлгээ авна.

Тэтгэлгийн хэлбэр:

1. Шилдэг суралцагчийн тэтгэлэг

2. Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлэг

3. Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

• Дотоодын сургалтын байгууллагын 50 хүртэлх шилдэг суралцагч тус бүрд 10 сая хүртэл төгрөгийн тэтгэлэг олгоно.

• Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах 50 хүртэлх суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://mongolia.gov.mn/news/view/26642холбоосоор авах боломжтой. 



Холбоотой мэдээ