Компаниуд хувьцаагаар татсан хөрөнгийг үйл ажиллагаагаа өргөтгөхөд зарцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-23 14:29:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж ХК хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх 11.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр биржийн техник, технологийн шинэчлэл, сайжруулалт, үйл ажиллагааг цахимжуулах сургалт, үйлчилгээнийн төвд зарцуулж буйгаа мэдээлж байна.

“Инвескор ББСБ” ХК хөрөнгийн зах зээлд гаргасан бондын татан төвлөрүүлэх 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр компанийн харилцагч нарт олгох зээлийн багцыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Зарим компани нарийвчилсан зарцуулалтыг ч танилцуулж байна.

Жишээ нь, “Бичил Эй Би Эс Актив ТЗК” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны танилцуулгадаа татан төвлөрүүлэх хөрөнгөөр анхны үүрэг гүйцэтгэгч болох “Бичил Глобус финанс ББСБ” ХХК-иас автомашины фидуци бүхий зээлийн хөрөнгийг багцлан худалдах авахад зарцуулах нь. Үүнийг тухайн компанийн үйлчилгээ, бүтээгдэхүүн болон үйл ажиллагааны онцлогоос хамааран хөрөнгийн зарцуулалт янз бүр байдаг хэмээн хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Нямдорж тайлбарлаж байна.


Түүнээс хөрөнгийн зах зээлд оролцон хувьцаа, бонд гаргасан компаниуд татан төвлөрүүлж буй хөрөнгөө юунд зарцуулж буйг тодруулахад, тэрбээр, үүнийг Монголын Хөрөнгийн биржид IPO гаргаж буй байдлаас харж болно. Хамгийн сүүлийн жишээ нь, “Сэндли ББСБ” ХК нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, 85 мянган ширхэг бондыг зах зээлд санал болгож, 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Бондын танилцуулгаас харахад тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгийг зарцуулах зориулалт гэдэгт зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ гэсэн байгаа гэв.

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй банкуудын цэвэр ашиг 87-355 хувиар өсжээ.

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй банкуудын цэвэр ашиг болон өгөөж 2022 онд дээрх хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байна. Төрийн банк 2022 оны сүүлийн улиралд IPO хийж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн анхны системийн нөлөө бүхий банк болсон. Өнгөрсөн оны эцсээр цэвэр ашиг нь 96 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны үеэс 87 хувиар өссөнийг “Mandal Asset Management” мэдээлсэн юм. Энэ нь тус банкны сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хөрөнгө оруулалтын өгөөж 22 хувьтай байна.

2022 оны IV улирлын эцсээр “Голомт” банкны цэвэр ашиг 100 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 355 хувиар өссөнийг “Golomt Capital” мэдээллээ. Энэ нь тус банкны сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувьд 14 хувьтай байгаа аж. Тайлант хугацаанд өөрийн хөрөнгө нь 42 хувиар өсөж, 844 тэрбум төгрөг хүрчээ.

Харин 2022 оны эцсийн байдлаар “Богд” банкны өөрийн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оноос 15 хувиар өсөж, 116.7 тэрбум төгрөг хүрснийг “БиДиСек ҮЦК” мэдээллээ. Банкны олгосон зээлийн хэмжээ 208.1 тэрбум төгрөг хүрч, 42 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд дээрх гурван банк хувьцаагаа идэвхтэй арилжсанаар Монголын Хөрөнгийн биржийн “Топ-20”-ийн сагсанд багтжээ. Нэгж хувьцааны ханш нь анх зах зээлд гарснаасаа буурсан дүнтэй байна. Өсөлтийн дүн хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хуваарилах нэг боломжийг олгох бөгөөд энэ нь баялгийн тэгш, шударга хуваарилалт юм гэдгийг Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Б.Өлзийбаяр тодотгож байна. Энэ нь хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын нэг хэлбэр юм. 


Хувьцаа, бондоо гаргасан компаниуд татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг Монголын Хөрөнгийн биржид жилээр болон хагас жилээр тайлагнадаг бөгөөд үүнийг нь СЗХ хянаж, зорилгот болон төлөвлөсөн зүйлд зарцуулаагүй нөхцөлд холбогдох дүрэм журмын дагуу хариуцлага хүлээлгэдэг юм.  

Хөрөнгийн биржид сүүлийн жилүүдэд хүнсний салбарын ААН-үүдийн хувьцааг хамгийн өндөр өсөлттэй арилжиж байна. “Талх Чихэр, Монос хүнс, Түмэн шувуут, АПУ, Сүү зэрэг компанийн хувьцааны ханш жилд дунджаар 30 гаруй хувь өссөнийг үзүүлэлтээс харж болно. Мөн шинээр үнэт цаас гаргаж байгаа “Газар Шим үйлдвэр” ХХК сүүлийн 5 жилийн борлуулалт, цэвэр ашгийн хэмжээ харьцангуй өндөр өсөлттэй байна. Тодруулбал, жилд дунджаар 40 гаруй хувиар өссөн бөгөөд цаашид дотоодын зах зээл дээр эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр 10.5 тэрбум төгрөгийн хөрөнгө татахаар хувьцаагаа олон нийтэд санал болгож гаргажээ.

Холбоотой мэдээ