Үнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-23 11:24:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үнэт цаасны арилжаагаар энэ оны эхний 2 сард 55.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 189.6 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеийнхээс гүйлгээ 26.4 (32.4 хувь) тэрбум төгрөгөөр буурч, арилжсан үнэт цаас 113.6 (2.5 дахин) сая ширхгээр нэмэгджээ.


Үнэт цаасны гүйлгээ энэ оны 2 дугаар сард 16.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 21.8 (56.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 27.2 (62.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Арилжсан үнэт цаас 28.1 сая ширхэг болж, өмнөх сарынхаас 133.5 (82.6 хувь) сая, өмнөх оны мөн үеийнхээс 12.6 (31 хувь) сая ширхгээр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс энэ оны 2 дугаар сард 38340.9 нэгж болж, өмнөх сарынхаас 897.4 нэгжээр өсөж, өмнөх оны мөн үеэс 2163.3 нэгжээр багассан байна.


Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2023 оны 2 дугаар сард 7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 75.9 (1.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (26.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. 

Холбоотой мэдээ