БНАСАУ далавчит пуужингууд харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-23 09:00:38

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ өнөөдөр Зүүн тэнгис рүү /Япон тэнгис/ хэд хэдэн далавчит пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн лхагва гаргийн орой мэдээлэв. 


БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, БНАСАУ-ын зүүн эргийн Хамхун бүсийн орчмоос орон нутгийн цагаар 10:15 цагийн орчимд пуужин харвасныг илрүүлжээ. Одоогоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Энэ удаагийн туршилтын үеэр “Tomahawk” пуужингийн БНАСАУ-ын хувилбар гэгддэг алсын зайн тусгалт стратегийн далавчит пуужинг харвасан байх магадлалтай хэмээн ажиглагчид таамаглаж байна.


БНСУ, АНУ-ын цэргийнхэн “Freedom Shield” команд штабын хамтарсан сургуулилалт, мөн “Warrior Shield” хээрийн сургуулилалтаа явуулж байгаа үед Пёньян пуужин харважээ. Нийт 11 хоног үргэлжлэх “Freedom Shield” сургууль пүрэв гарагт дуусна.


“Манай арми “Freedom Shield” сургуулийг амжилттай дуусгаж, одоогоор үргэлжлэн явагдаж буй “Warrior Shield” сургуулийг өндөр эрчимтэй үргэлжлүүлэх болно” гэж Штабуудын дарга нарын хорооны хэвлэлийн мэдээнд дурджээ.


БНАСАУ өнгөрсөн ням гарагт ойрын зайн тусгалт баллистик пуужинг Зүүн тэнгис рүү харвасан бөгөөд түүнийгээ тактикийн “цөмийн сөрөг довтолгооны” сургуулилалт байсан гэж мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ