Р.Эрдоган: Турк улс НАТО-д элсэх Финландын хүсэлтийг батлах үйл явцыг эхлүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-18 10:02:14

АНКАРА. /Anadolu/. Турк улс НАТО-д элсэх Финландын хүсэлтийг батлах үйл явцыг эхлүүллээ. Уг асуудлыг Туркийн парламентаар хэлэлцэнэ гэж Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган баасан гарагт Анкарад Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистётэй уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Турк улс НАТО-гийн “нээлттэй хаалганы” бодлогыг ямагт дэмжсээр ирсэн гэдгийг тэрбээр онцолсон байна.


Р.Эрдоганы хэлснээр, “аюулгүй байдлын салбарт Анкараг түгшээж байсан асуудлуудыг шийдэхэд Финланд "чин сэтгэлээсээ, бодит алхам" хийжээ.


Харин цэрэг-улс төрийн уг эвсэлд элсэх Шведийн хүсэлтийн тухайд Туркийн Ерөнхийлөгч мэдэгдэхдээ, тус улстай хийх хэлэлцээг эвслийн зарчмуудын дагуу, терроризмтой тэмцэх асуудалд Анкарагийн чиг хандлагыг харгалзан үргэлжлүүлнэ гэсэн байна. 


“Анкара Стокхолмд 120 террористын жагсаалтыг өгсөн. Эдгээр гэмт хэрэгтнүүдийг Туркт шилжүүлэн өгөхгүйгээр НАТО-д элсэх асуудлаарх хэлэлцээ нааштай байх боломжгүй. Терроризмтой тэмцэх асуудал бол Туркийн хувьд "улаан шугам" юм. Стокхолмын хүсэлтэд Анкара хэрхэн хандах нь Шведийн талын тодорхой алхмаар тодорхойлогдоно” гэж Р.Эрдоган хэлжээ.


Тэрбээр НАТО-д элсэх Финландын хүсэлтийг Туркт тавдугаар сард болох сонгуулийн өмнө соёрхон батална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 


Харин Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё хариуд нь НАТО-д элсэх Хельсинкийн хүсэлтийг дэмжсэн Анкарагийн шийдвэрийг "Финландын бүх ард иргэдийн хувьд чухал мэдээ" гэж мэдэгдээд Ерөнхийлөгч Эрдоганд талархал илэрхийлжээ. 


Холбоотой мэдээ