ГОВЬ-АЛТАЙ: "Орон нутгийн хамгаалалт" дадлага, сургуульд 1250 иргэн оролцлоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2023-03-20 09:37:43

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачилгаар "Орон нутгийн хамгаалалт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үүрэг оролцоо" дадлага, сургууль энэ сарын 17, 18-нд Алтай хотноо боллоо.


Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах чиг үүргийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын даргын санаачилгаар “Орон нутгийн хамгаалалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үүрэг оролцоо” сэдэвт онолын болон хээрийн дадлага, сургууль хоёр өдрийн турш зохион байгуулав. 

Дадлага, сургуульд аймгийн 18 сумаас тус бүр 50 гаруй нийт 1250 гаруй иргэн оролцсон юм. Эхний өдөр танхимаар үзсэн онолын мэдлэгээ хоёр дахь өдөр хээрийн дадлага сургуулиар бататгаснаараа онцлогтой болов. Тодруулбал, хээрийн дадлага сургуулиар хууль сахиулах байгууллагуудын онцлогийг харуулсан тусгайлан бэлтгэсэн цэгүүдэд үзүүлэх сургуульд тус аймгийн 18 сумын 1250 орон нутгийн томилгоот бие бүрэлдэхүүн хамрагдсан тухай холбогдох албанаас танилцууллаа.

Сургалтыг аймгийн ЗДТГ, ЗДТГ-ын Цэргийн штаб, аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Хилийн цэргийн 0214 дүгээр ангиуд хамтран зохион байгууллаа.