Нөөцийн махыг 431 цэгээр худалдаалж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-15 15:07:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 9 дүүргийн 431 цэгт өнөөдрөөс нөөцийн махыг худалдаж эхэллээ.


ХХААХҮЯ-наас нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулахаар 12 бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн юм.

 

УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд ярихдаа, “Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам, байршил зэргийг харгалзан тогтоосон. Дунджаар нэг хороонд 2-3 дэлгүүр ногдож байна. Борлуулалтын цэгийг сонгохдоо тухайн дэлгүүрийн санхүүгийн чадамж, хөргөгч, хөлдөөгчийн багтаамж, татварын цахим системд холбогдсон эсэхийг харгалзсан. Нөөцийн 30 хувь нь үхрийн, 65 хувь нь хонины, 5 хувь нь ямааны мах. Нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл хангасан. Махны борлуулалтаас хамаараад худалдах цэгийг нэмэх боломжтой” гэв.


ХХААХҮЯ нөөцийн махны үнийг тогтоодог бөгөөд энэ жил үхрийн ястай мах 10700, хонины ястай мах 8600, ямааны ястай мах 6400 төгрөгийн үнэтэй байна. 

Холбоотой мэдээ