“Galaxy Note 7”-г зах зээлээс удахгүй эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-02 12:11:37

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics”  корпораци саяхан худалдаанд гаргасан “Galaxy Note 7” ухаалаг гар утсаа удахгүй эргүүлэн татахаар төлөвлөж байна гэж тус компанийн албаны хүн хэлэв.

Уг төхөөрөмжийн зайг цэнэглэж байх үед дэлбэрсэн тохиолдол нэг бус удаа гарсантай холбогдуулан  дэлхийн зах зээлээс бүгдийг нь эргүүлэн татахаар төлөвлөж байгаа аж.

Нэрээ нууцлахыг хүссэн албаны хүн хэлэхдээ “хэрэглэгчдийн аюулгүй байдал бол хамгийн чухал зүйл. Бид үнэнч хэрэглэгчдээ гомдоохыг хүсэхгүй байна” гэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “цэнэглэж байх үед дэлбэрсэн гэх тохиолдлуудыг мөрдөн шалгаж, мөрдөн шалгалтын дүнг энэ амралтын өдрүүдэд эсвэл ирэх долоо хоногийн эхээр зарлаж, дорвитой хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэлээ.

Түүний хэлснээр, нийт борлуулагдсан гар утаснуудын 0.1 хүрэхгүй хувьд л асуудал үүссэн бөгөөд зайг нь сольсноор асуудлыг хялбархан шийдэх боломжтой гэнэ.

Түүний энэ мэдэгдлээс үзвэл, “Samsung Electronics”  дотоодод болон гадаадад борлуулсан бүх “Galaxy Note 7” –г эргүүлэн татах бололтой.

“Galaxy Note 7” –г өнгөрсөн наймдугаар сарын 19-нөөс дэлхийн 10 улсад борлуулж эхэлсэн юм.

Г.Доржханд

 

 

 

 

 

Холбоотой мэдээ