ДОРНОГОВЬ: Ахмад дайчин М.Дэрэмд хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-02 11:27:55

Сайншанд /МОНЦАМЭ/. Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Нийгмийн бодлогын хэлтсээс ахмад дайчин Мятавын Дэрэмд хүндэтгэл илэрхийллээ. Монгол Улсын тусгаар тогтнол, сайн сайхан амьдралын төлөө, халуун амь бүлээн цусаа үл хайрлан  дайнд оролцож явсан ахмад дайчдын нэг Мятавын Дэрэм Сайншанд хотод энх тунх амьдарч байна.

Тэрбээр 1927 оны 6 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Гашуун Улаан гэдэг газар төрсөн бөгөөд 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан юм. Бага насандаа Дэлгэрэх сумын Цагаан хадын хийдэд шавилан сууж бурхны ном заалгаж байгаад 1945 онд гэрийн бүлгэмээр шинэ үсэгтэн болсон бөгөөд уйгаржин монгол, кирилл, төвөд бичигтэй. 1945 онд 18 настайдаа түр цэрэгт татагдан өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядад эх орноо милитарист Японы эзлэн түрэмгийллээс хамгаалах, элэг нэгт ах дүү Өвөр Монголын ард түмнийг Японы дарлалаас чөлөөлөх дайнд оролцсон. Дайн дуусах үед хүнд өвчний улмаас цэргээс халагдан, сумандаа мал маллаж байгаад 1958 онд Сайншандад шилжин ирж аймгийн Нэгдсэн эмнэлэгт морин тэрэгчнээр ажиллаад тасралтгүй 34 жил сантехникийн слесарь, гагнуурчин, галч зэрэг ажлыг хийж байгаад 1992 онд гавьяаныхаа амралтад суужээ. Курсээр 1960 онд сантехникийн слесарь, гагнуурчны мэргэжил эзэмшсэн аж.

1992 оноос шашин бурхан дахин дэлгэрэхэд аймгийн Дэчинчойнхорлон хийдэд шавилан сууж өдгөө хүртэл 96 насыг насалж буян номынхоо ажилд оролцон, үр хүүхэд, ач, зээгийн хамт амьдарч байна.

Дэрэм гуай Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллах хугацаандаа баярын бичиг үнэ бүхий зүйлээр найман удаа, Ардын хувьсгалын 60,70,80,90 жилийн ойн медалиудаар тус тус шагнуулж байсан ба 1976 онд ЭХБ-ын 55 жилийн ой, Монголын эмч нарын гуравдугаар их хурлыг тохиолдуулан хөдөлмөрчдийн эрүүл мэндийг хамгаалах ажилд үр бүтээлтэй ажиллан, ажлын их амжилт гаргасан тул БНМАУ-ын ЭХЯ-ны жуух бичгээр 2018 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнуулсан.

Түүнчлэн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсоны учир 2015 онд Цэргийн гавъяаны одон, мөн Монгол-Зөвлөлтийн “Бид ялав” медаль, бусад ойн медалиар шагнуулсан байна.

Холбоотой мэдээ