Орост Б.Немцовын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-02-28 11:31:41

МОСКВА. /DW/. ОХУ-ын сөрөг хүчний нөлөө бүхий улстөрч Борис Немцов одоогоос найман жилийн өмнө 2015 оны хоёрдугаар сарын 27-ны үдэш Москва хотод бусдын гарт амиа алдсан юм. Түүний дурсгалыг хүндэтгэх, түүнчлэн Украины дайныг эсэргүүцсэн үйл ажиллагаа даваа гарагт Оросын нийслэл болон бусад хэд хэдэн хотод болж өнгөрчээ. 


“Эрх чөлөө" радиогийн мэдээлснээр, улстөрчийн амиа алдсан Москва голын гүүрэн дээр олон хүн цэцэг, лаа авчирч тавьсан байна. Цагдаа нар хажуугаар өнгөрсөн хүмүүсийг сонгон зогсоож байсан ч саатуулаагүй гэж "Сота" хэвлэл мэдээлжээ. Өнгөрсөн хугацаанд нийтийн аж ахуйн албадынхан цэцэг, гэрэл зургийг  удаа дараа авч, идэвхтнүүдийг саатуулж байсан ч иргэд дахин тавьдаг байв. Харин сүүлийн үед эрх баригчид гар хүрэхээ больжээ.


"Настоящее время" сувгаар мэдээлснээр, Б.Немцовын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа мөн Казань, Пермь, Екатеринбург, Новосибирск хотуудад болж, хүмүүс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөө дурсгалуудад цэцэг өргөсөн байна. 


Екатеринбург хотын Хөдөлмөрийн талбайд оршин суугчид Б.Немцовын дурсгалыг хүндэтгэх жагсаал зохион байгуулжээ. Свердловск мужийн эрх баригчид хөрөг зураг, зурагт хуудас, лаа авчрахыг хориглосон ч цэцэг тавихыг зөвшөөрсөн байна.


Барнуал хотод улстөрч агсны дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа өмнөх өдөр нь болж, “Яблоко” намын салбар зохион байгуулжээ. Жагсаал хотын төвд, Эрх чөлөөний талбайд, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд болсон байна. Уг арга хэмжээг хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрчээ. Барнаул бол Оросын эрх баригчид ийм үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвшөөрдөг цорын ганц хот гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. 


Борис Немцовыг 2015 оны хоёрдугаар сарын 27-нд Большой Москворецк гүүрэн дээр буудан хөнөөсөн билээ. Шүүхээс энэ хэрэгт Чеченийн хүчний байгууллагуудынофицер зэрэг таван хүнийг гэм буруутай гэж үзэж, олон жилийн хорих ял оноосон. Эдгээр нь Заур Дадаев /захиагат аллагын гүйцэтгэгч/, Анзор Губашев, Шагит Губашев, Тамерлан Эскерханов, Хамзат Бахаев нарын таван хүн юм.


Б.Немцовын аллагын захиалагчид нь өнөө хэр тогтоогдоогүй байгаа юм. Түүний хамтран зүтгэгчид мөрдөн шалгалтын явцыг шүүмжилж, олонх нь улстөрчийг хөнөөсөн хэрэгт Чечень эсвэл Оросын удирдлага холбоотой гэж үздэг. 


Холбоотой мэдээ