Хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах талаар хэлэлцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийн автомашины хэрэглээ, хэт төвлөрөл, түгжрэлийг шийдэхийн тулд нийтийн тээвэрт хөнгөн галт тэрэг буюу LRT-ийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллаж, тус
хотын LRT, метро, монорейл зэрэг масс тээврийн туршлагаас судаллаа.
Улаанбаатарын хүн амын төвлөрөл,
авто замын түгжрэлийг багасгахын тулд
нийтийн тээврийг төрөлжүүлэн богино хугацаанд олон хүн тээвэрлэх шийдлийг
нэвтрүүлэх талаар судалж, тэр дундаа хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах
боломжийн талаар Чунчин хотын Метро үйлдвэрийн удирдлагатай хэлэлцсэнийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй
харилцах газар мэдээлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Д.Сумъяабазар ярихдаа, “Монгол
Улсын хүн амын талаас их хувь буюу 1.6 сая хүн амьдран суудаг Улаанбаатар хотод
нийтийн тээврийг төрөлжүүлэн иргэдийн цаг завыг хэмнэсэн, зорчигчийн багтаамж
ихтэй метро, хөнгөн галт тэрэг
нэвтрүүлэх цаг ирсэн. Хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг багасгах хүрээнд олон улсын туршлага,
дэвшилтэт технологи нэвтрүүлэх судалгааг өнгөрсөн 2 жил хийлээ. Бид евро стандарт нэвтрүүлсэн, Монголын цаг
уурын эрс тэс нөхцөлд ажиллах, үнийн хувьд илүү хямд хувилбарыг нүдээр харж, сууж үзэн, үйлдвэртэй нь
танилцлаа. Чунчин хотын энэ үйлдвэрээс LRT, монорейлийг үйлдвэрийн үнээр
нийлүүлэх боломжийг ч
хэлэлцсэн” хэмээв.
Чунчин хотын Метро үйлдвэрийн дэд захирал Хуа Жинфэй, -Манай үйлдвэрийн хөнгөн галт тэргийг 40 хэм хүртэл хүйтэрдэг, эрс тэс уур амьсгалтай газар ч ашиглаж болохыг туршсан. Тухайлбал, Жилин муж, Чанчүнь хотод одоо ашиглаж байгаа, мөн монорейлийг дэлхийн улс орнуудад, тэр дундаа Японы 7 хотын нийтийн тээвэрт нэвтрүүлсэн. Энэ тээврийн хэрэгсэл богино зайд маневрлах чадвартай, дуу чимээ бага зэрэг давуу талтай гэжээ.