ДАРХАН-УУЛ: Зудын эрсдэлгүй хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-09 13:02:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар мал бүхий дөрвөн сум, 11 багийн 2100 өрх 313.2 мянган толгой мал тоолуулжээ.

Өнгөрсөн онтой харьцуулбал мал сүрэг 42.114 толгой буюу 12 хувиар буурсан байна. 2022 оны мал, тэжээвэр амьтдын тооллогоор 95 өрхөд 3704 гахай, дөрвөн ААНБ, 142 өрхөд 27550 шувуу, үүнээс тахиа 27550, 28 өрхөд галуу 286, 18 өрхөд цацагт хяруул 115, бөднө 1018, 3 өрхөд 24 туулай , 11 ААНБ, 122 өрхөд 2603 бүл зөгий тоолуулсан аж.



Засаг даргын орлогч, өвөлжилтийн комиссын даргаар ахлуулсан ажлын багийн шийдвэрээр Хонгор сумын Хар бэлчирийн цөм сүргийн аж ахуйд 82,78 гаруй тн өвс, 5 тн тэжээлийг олгосон байна. Аймгийн ихэнх нутгаар цас хөрлөсөн байгаа ч мал бэлчээрлэхэд хүндрэл үүсээгүй, малын бэлчээрлэлт саатаагүй, мал бэлчээх боломжтой. Хэмжилтийн дүнг олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар цасны зузаан, цасны нягт дундаж байна.



Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Ган зудын байдалд үнэлгээ хийх журам-ын шалгуур үзүүлэлтээр зудын байдлыг үнэлэхэд нийт нутгаар өвөлжилт хэвийн байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Цаашид цас орж, цасны зузаан нэмэгдэхэд Дархан сумын Төмөр толгой, Хонгор сумын Хар бэлчир, Салхит, Орхон сумын Дэлгэр-Уул, Дардай нуур, Бүрэнтолгой, Шарын гол сумын Олон хөтөл орчмын хэсгээр өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрч болзошгүй.  

Өнөөдрийн байдлаар Дархан сум аюулгүйн нөөцөө зарцуулаагүй бол Шарын гол сум сум аюулгүйн нөөцөөс 650 боодол буюу 14.3 тонн өвсийг нэг боодлыг 5500 төгрөгөөр, Хонгор сум 1600 боодол буюу 32 тн өвсийг нэг боодлыг 4000 төгрөгөөр, 4 тн тэжээл, Орхон сум 0.4 тн өвсийг малчдад олгожээ.



Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн 50-70 орчим хувийг хэрэглэж дууссан гэсэн судалгаа байна. 2023 оны хоёрдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар цастай байгаа хэдий ч хаагдсан зам даваа бүртгэгдээгүй аж. Аймгийн хэмжээнд 159 толгой мал зүй бусаар хорогдсоноос адуу 16, үхэр 22, хонь 66, ямаа 55 толгой байна.

Мэргэжлийн байгууллагын зүгээс гоц халдварт, халдварт өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй, дуудлага ирээгүй тайван, отор нүүдэл, зөвшөөрөлгүй ирсэн өрх, мал байхгүй гэсэн мэдээ ирүүлээд байна. 

Холбоотой мэдээ