ӨВӨРХАНГАЙ: 2022 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн сум, агентлагт шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-08 17:52:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээр шалгарсан сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олонд өнөөдөр шагнал гардууллаа.


Сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Хайрхандулаан, Арвайхээр, Хужирт, Баянгол, Хархорин сум эхний таван байр эзэлсэн бол ЗДТГ-аас Хужирт, Хайрхандулаан, Арвайхээр, Бат-Өлзий, Уянга сум тэргүүлж байна.

Мөн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний “Тэргүүний агентлаг”-аар Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар тус тус шалгарлаа.   


Аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс сум, агентлагийн 2022 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн бөгөөд ­шалгалтын явцад илэрсэн алдаа, цаашид анхаарах асуудлын талаар сумдын дарга нарт мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, хууль журам, тогтоол шийдвэрийн бүртгэл хяналтыг сайжруулах, эзэнжүүлэх, хувийн хэргийн баяжилт хийж ажиллах, гүйцэтгэлийг чанаржуулах, өмнө нь гарсан шийдвэрийн заалтыг нэг бүрчлэн шүүн үзэж, хэрэгжиж дууссан, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй заалтуудыг хяналтаас хасах, дотоод хяналтад авах зэрэг үүрэг, чиглэлийг өглөө.


Мөн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ “Сум, байгууллагын удирдлага хүн аливаад идэвх санаачилгатай, манлайлагч байх хэрэгтэй. Байгууллагаа олон жил удирдсан ч ажил нь урсгалаараа явдаг, шинээр ажил санаачилдаггүй дарга нар олон байна” гээд салбартаа шинэ санал, санаачилга гаргасан, идэвх зүтгэлтэй байдлыг харгалзан тэргүүний сум, агентлагийг шалгаруулсан гэсэн юм.




Холбоотой мэдээ