Канадын Засгийн газар уугуул иргэдэд нөхөн төлбөр олгохоор болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-23 16:46:52

ОТТАВА. /DW/. Канадын эрх баригчид 2.8 тэрбум канад долларыг (1.44 тэрбум евро) өнгөрсөн үед соёлын эрх чөлөө, эх хэлээрээ ярих эрхийг нь хавчин боогдуулж байсны нөхөн төлбөр болгон тус улсын уугуул иргэдийн төлөөлөгчдөд төлөхийг зөвшөөрчээ.


2012 онд уугуул омог аймгуудын төлөөлөл болох 325 төлөөлөгч Канадын эрх баригчдын эсрэг зарга үүсгэж, XIX зуунаас XX зууны сүүл хүртэл хэл, соёлоор нь далимдуулан хоморголон устгах үйл ажиллагаа явуулсны нөхөн төлбөр төлөхийг шаардсан байна. Талуудын хүрсэн зөвшилцлийг одоо тус улсын Холбооны шүүх батлах ёстой.


Уг нөхөн төлбөрийг тусгай санд шилжүүлэх бөгөөд уугуул иргэд хамтын шийдвэрээр зарцуулах аж. “Канад улс өөрийн түүхийг,  өөрсдийн үйлдсэн хоморголон устгах ажиллагаагаа хүлээн зөвшөөрөхөд, түүнчлэн манай ард түмэнд учруулсан сургуулийн дотуур байрнаас улбаатай хор хөнөөлийг хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий урт хугацаа зарцууллаа” гэж уугуул иргэдийн төлөөлөгч Гарри Фещук Канадын Засгийн газрын шийдвэрийн талаар тайлбар өгөхдөө хэлжээ.


1881-1996 оны хооронд Канадын уугуул иргэдийн 150 мянга гаруй хүүхдийг гэр бүлээс нь салган сургуулийн дотуур байранд хүчээр суулгаж, уламжлалт хэл соёлыг нь мартуулан уусгах ажиллагаа явуулжээ. Тэдний олонх нь өлсөж, зодуулж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бөгөөд Канадын үнэнийг тогтоох, эвлэрүүлэх комисс үүнийг соёлын хоморголон устгал мөн гэж тогтоожээ. Канадад ийм сургуулиудын сүүлчийнх нь 1996 онд хаагдсан байна. 


2021 онд Британийн Колумб мужид ийм дотуур байртай сургууль байсан газраас 215 хүүхдийн нэр хаяггүй булш олдож, дуулиан дэгдээсэн билээ. Дотуур байртай тэдгээр сургуулийн ихэнхийг католик сүм хийдийн захиргаа удирдаж байжээ.


Ромын Пап лам Франциск өнгөрсөн жил Канад улсад айлчлах үеэрээ Ромын католик сүмийн нэрийн өмнөөс уугуул иргэдээс хүлцэл өчсөн юм.

Холбоотой мэдээ