ӨВӨРХАНГАЙ: Хоёр машины өртгөөр сийлбэрийн бүтээл худалдаж аваад "донгодуулж" байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-13 12:07:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Музейн сийлбэрийн танхимд “Баян байгаль” хэмээх үзмэр бий. Хужирт сумын харьяат, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сэнгээ хүү Базарын хамт 1974 онд эхлүүлж, ажлын бус цагаар буюу орой, үдшээр дөрвөн жилийн турш сийлсэн гайхалтай бүтээл юм.


225х145 см хэмжээтэй тус бүтээлд ан амьтан, шувууны 96, уул, ус, мод зэрэг 553 дүрсийг товойлгох болон хөндийлөх аргаар багтаан сийлсэн байна.


1979 онд С.Сэнгээ агсны эхнэр н.Равжих “Баян байгаль” сийлбэр Ой модны аж үйлдвэрийн яамны хонгилд бороо, чийгт муудаж байгаа тухай хэлж, та нар нутгийн хүмүүс байна, энэ бүтээлийг авч хадгалбал цаашдаа аймаг, орон нутагт хэрэгтэй байж болох юм гэж аймгийн даргад хэлжээ. Энэ тухай аймгийн Санхүүгиийн тасгийн даргаар ажиллаж байсан Д.Цэрэнжамц дурсан өгүүлсэн бөгөөд “Бүтээлийг очиж үзэхэд үнэхээр гайхамшигтай сайхан эд байлаа. Бид удаан хэлэлцсэний эцэст 30 мянган төгрөгөөр үнэлж аваад Музейд тавьчихлаа. Тэр үеийн 30 мянга их мөнгө л дөө. Аймгийн бүтэн жилийн төсөв 3 сая орчим төгрөг байсан шиг санаж байна. Дараагийн жил буюу 1980 онд таван яамны шалгалт ирдэг юм. Дүнгийн хурал дээр Т.Рагчаа дарга их мөнгөөр сийлбэр худалдан авч. Улсын хөрөнгөөр тоглодог та нар хэн юм бэ гэх мэтээр дарга, бид хоёрыг авч өглөө дөө.


Тэр үед аймгийн Музейн захирлаар ажиллаж байсан Г.Намхайдагва гуай гэнэт босч ирээд “Та нар урлаг гэдгийг мэдэхгүй амьтад байна. Энэ бүтээл чинь 20,30 жилийн дараа гэхэд 20,30 сангийн аж ахуйн үнэтэй болох эд байгаа юм. Энэ агуу бүтээлийг устаж үгүй болж байхад худалдаж аваад музейдээ тавьсан дарга нарыг та нар шүүмжлэх биш харин магтах хэрэгтэй. Та нар урлагийн бүтээлийн үнэ цэнийг мэдэхгүй байна. Өнөөдрийн хэдэн зоосны нүхээр бүхнийг харж болохгүй” гэх мэтээр тайзан дээр сууж байсан нөгөө хэдэн дарга нарыг загнаад унадаг байгаа. Би ч энэ өвгөн баллаж дуусгалаа гэж бодож суулаа. Харин Г.Намхайдагва гуайг үг хэлснээс хойш энэ талаар хэн ч юу ч дуугараагүй, шалгалтын материалд сайн муу хэлсэн үг үсэг ороогүй” хэмээсэн байна.


Сийлбэрийг хүлээж авсан 1978 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн актыг үзэхэд 33322 төгрөгөөр худалдан авчээ. Энэ ханш нь тухайн үедээ хоёр ширхэг УАЗ-469 машины үнэ байжээ.


Бүтээлийн үнийг тогтоохдоо “Оюун ухаан, хөдөлмөр их зарцуулсан, гэр орондоо хийж байгаа зэргийг харгалзан үзэж, хүнд нөхцөлөөр буюу цагт 3 төгрөг 19 мөнгөөр бодон цалинг олгосон байна. Энэхүү гайхамшигтай бүтээл нь Музейн үзэгчдийн  сонирхлыг татдаг шилдэг үзмэрийн нэг юм.

Холбоотой мэдээ