А.Гутеррес НҮБ-ын тэргүүн болоход нэг алхмаар ойртлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-08-30 11:46:29

ЛИССАБОН. /VOA/. Португал улсын Ерөнхий сайд асан Антонио Гутеррес НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн албан ёсны бус санал хураалтад тэргүүлснээр дараагийн НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга болоход тун ойртлоо.

Аюулгүйн Зөвлөлийн дипломатууд даваа гарагт албан бус саналын хуудас ашиглан гурав дахь удаагаа хэсэгчилсэн санал хураалт явуулжээ. Санал хураалтын дүнгээр, Гутеррес бусад 10 өрсөлдөгчөөс түрүүлсэн бөгөөд түүнийг дэмжсэн 11 санал, дэмжээгүй 3 санал, хараахан шийдээгүй байна гэсэн 1 санал тоологдсон байна.

Гутеррес нь олон нийтийн хүндлэлийг хүлээдэг, 10 гаруй жил НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийг удирдсан туршлагатай, мөн 1995-2002 оны хооронд Португал улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан зэргийг олон орны дипломатчид харгалзан үзээд, түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Өдгөө 67 настай Гутерресийн хувьд дараагийн санал хураалтын үеэр Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүдийн аль нэг нь түүнд хориг тавиагүй тохиолдолд сонгогдох магадлал маш өндөр байгаа юм.

Зүүн Европын гурван нэр дэвшигчдийн хувьд нэг нь хоёрдугаар байрт орж, хоёр нь гуравдугаар байранд оржээ. Словакийн Гадаад хэргийн сайд Мирослав Лажкак дэмжсэн 11 санал, дэмжээгүй 3, хараахан шийдээгүй гэсэн 1 санал авч хоёрдугаарт орсон бол ЮНЕСКО-г тэргүүлж буй Болгарын иргэн Ирина Бокова, Сербийн Гадаад хэргийн сайд асан Вук Жеремик нар гуравдугаарт бичигджээ. Харин Аргентины Сюзанна Малкорра, Македон улсын Срджан Керим, Шинэ Зеландын Хелен Кларк нар удаалсан байна.

Эцсийн шийдвэрийг гаргахаас өмнө Аюулгүйн Зөвлөл дахин хоёр удаагийн албан бус санал хураалт явуулах төлөвтэй байна. Гэхдээ дараагийн санал хураалтыг хараахан товлоогүй байгаа юм. 2006 онд дөрвөн удаагийн санал хураалт явуулсны эцэст НҮБ-ын тэргүүнээр Бан Ги Мүүн сонгогдож байжээ. 

2017 оны 1 дүгээр сарын 1-нд НҮБ-ын шинэ тэргүүний нэр тодрох юм.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ