ЗАВХАН: Ерөнхий боловсролын таван сургуульд багш хөгжлийн төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-01-09 16:24:32

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг энэ онд ерөнхий боловсролын таван сургуульд компьютер, техник тоног төхөөрөмж бүхий багш хөгжлийн төвийг байгуулна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө (2021-2030)”-д багш мэргэжилтний тасралтгүй хөгжлийг боловсролын чанарыг сайжруулах зорилтыг тусгасан.


Ялангуяа суралцагчийн хөгжлийн хэрэгцээг хангасан, бүтээлч чадварлаг багшийг бэлтгэх, багшид мэргэжлийн стандартад суурилан уян хатан хэлбэрээр тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх, түүнд нээлттэй боловсрол, дижитал технологи ашиглах зэрэг зорилт, үйл ажиллагааг төлөвлөжээ. Энэ хүрээнд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чадварлаг багш” үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.


Тэгвэл энэхүү чадварлаг багш үйл ажиллагааг Завхан аймаг хөтөлбөр болгож, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад бодит дэмжлэгийг үзүүлж байна. Боловсролын чанарт анхаарах, хүүхэд бүрт тэгш боловсрол эзэмшүүлэх, хүртээмжийг сайжруулах. Багш нарыг ажил дээрээ хөгжих, мэдлэг мэдээллээ тэлэх, цахим болон танхимын хичээлийн агуулга чанарыг сайжруулах, бүтээлч хандлагатай. Багш бүр орчин үеийн техник технологийг бүрэн эзэмшиж, бие биеэсээ суралцах, хөгжих боломжийг нь хангах зорилгоор 2021 оноос эхлэн сургууль бүр дээр багшийн хөгжлийн загвар төвийг байгуулж байгаа.

2021 онд 8 сургуульд 85 сая төгрөгийн өртгөөр багш хөгжлийн төвийг тохижуулж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан. Тэгвэл 2022 онд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 19 сургууль, дөрвөн цэцэрлэгийг багш хөгжлийн жишиг төвтэй болгоод байна. Шинэ оны босгон дээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 150,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12 сумын сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн.

Тодруулбал, Баянтэс, Дөрвөлжин, Идэр, Нөмрөг, Сантмаргаз, Шилүүстэй, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Сонгино, Яруу сумын ерөнхий боловсролын сургууль, Тосонцэнгэл сумын 6 дугаар цэцэрлэг болон Улиастай сумын 1,4,9 дүгээр цэцэрлэгийн “Багш хөгжлийн төв”-д нийлүүлж байгаа 16 төрлийн тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Харин 2023 оны Завхан аймгийг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд ерөнхий боловсролын таван сургуульд багш хөгжлийн төв байгуулна. Мөн эдгээр хөгжлийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өгөх юм.

Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэг бүр багш хөгжлийн төвтэй болсноор 1600 орчим багш ажил дээрээ хөгжих, суралцах, бүтээлч байх боломжтой болох юм. Ер нь боловсролын чанарт ахиц гаргахын тулд багш нараа хөгжүүлж, чадавхжуулах нь чухал юм. Багш нар ажлын ачаалал, мэргэжлийн мэдлэг, чадварын түвшин, сургалтын онцлог, нас, хүйс, туршлага, байршлаас үл хамааран бие даан хөгжих боломжийг багш хөгжлийн төв олгож байна.


Илүү бүтээлч байхад нь тусалж байна. Ингэснээр сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, суралцагчийн сурах, хөгжих үйл явцыг илүү таньж мэдэх, ахиц амжилт гаргахад бодит дэмжлэг болох юм гэж аймгийн БШУГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ