“JAXA” сансрын нисэгч элсүүлэх эцсийн шатны сорилоо явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-01-04 10:38:22

ТОКИО. /NHK/. Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ сансрын нисэгч элсүүлэх эцсийн шатны сорилоо удахгүй явуулахаар болжээ. Энэхүү сорилд тэнцсэн хүмүүс Сарыг судлах олон улсын төсөлд оролцох юм.


JAXA” сансрын нисэгчийн сонгон шалгаруулалтаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлж, ярилцлага авах, бие бялдрын хөгжлийг шалгах зэрэг олон шалгуурыг явуулжээ.


Нийтдээ 4127 хүн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ ирүүлснээс 12 дугаар сарын сүүл гэхэд 10 хүн шигшигдэн үлдсэн байна. Тэдний дунд найман эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байгаа аж.


JAXA” сүүлийн сорилынхоо талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Өмнөх шатанд оролцогчид долоо хоногийн турш тусгаарлагдсан, хаалттай орон зайд хамтдаа цагийг өнгөрөөж, АНУ-ын “NASA” агентлагийн сансрын нисэгчидтэй ярилцлага хийж байжээ.


Эцсийн шатны сорилын дүнг ирэх хоёрдугаар сард танилцуулах төлөвтэй байна. “JAXA” 2009 онд гурван эрэгтэйг сансрын нисэгчээр элсүүлснээсээ хойш анх удаа шинэ сансрын нисэгчдийг сонгон шалгаруулах гэж буй нь энэ ажээ. 

Холбоотой мэдээ