Үндэсний дээд лигийн ээлжит тоглолтууд “UG” аренад болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-22 13:58:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лиг энэ улирлаас албан ёсоор эхэлж, шилдгүүдийн тулаан үргэлжилсээр байна. 


Ховд-Чандмань 50 – 94 Эрдэнэт Майнерс


Өчигдөр Эрдэнэт Майнерс баг улирлын гурав дахь хожлоо байгуулсан бол Ховд-Чандмань гурав дахь ялагдлаа хүлээв. Тус тоглолтод Эрдэнэтээс Э.Чимэддолгор тун сайн тоглолтыг үзүүлж, 29 оноо авснаас гадна зургаан удаа бөмбөг тасалжээ. Түүний алсын зайн шидэлтүүд багтаа давуу байдлыг үүсгэж, онооны зөрүү холдох шалтгаан байлаа.


Харин Ховд-Чандмань багаас Г.Гантунгалаг, Б.Алтмаа, А.Хонгорзул нар арваас дээш оноо авсан боловч энэ нь хангалтгүй байв.


Тус тоглолтод Эрдэнэт Майнерс өрсөлдөгчөө бараг бүхий л үзүүлэлтээр илүүрхжээ. Тухайлбал, довтолгоо, чөлөөт шидэлт болон алсын зайн шидэлтийн оновч, самбараас бөмбөг авалт, ашигтай дамжуулалт, хаалт, бөмбөг таслалт гээд тун нямбай тоглосон аж.


Баянгол Харцага 93 – 104 IHC Apes


Лигийн шинэ цэрэг Баянгол Харцага баг улирлыг тун тааруу эхлүүлээд байна. Тэд өчигдөр залуучуудаар хүчээ зузаатгаж, Саммерсыг эргүүлэн авсан “IHC Apes”-ийг дийлсэнгүй. Тоглолтын эхнээс “Apes” тэргүүллийг авч, онооны зөрүү үүсгэсэн. Харцага бага багаар ойртуулж байсан ч тэнцүүлж чадаагүй.



“Apes”-ээс энэ өдөр М.Өлзий-Орших багаа тун сайн удирдан зохион байгуулж, түүний гараар дамжсан довтолгоо бүр амжилт олж байлаа. Мөн тус багийн легионер Даррелл Саммерс багийнхаа гол довтолгооны сонголт гэдгээ харуулж, 38 оноо авав. Тэд 24 хүртэл онооны давуу байдлыг үүсгэсэн бөгөөд дөрөвдүгээр үед Харцага эргэн ирэх оролдлогыг хийсэн.


М.Даваадорж, Т.Билгүүн, Э.Мөнхтулга гурав талбайд гарсанаар онооны зөрүүг ойртуулсан ч Ч.Ижилдболд дасгалжуулагчийн завсарлага үр дүнгээ өгч, “Apes” хэмнэлээ эргүүлэн олсон. Бүрэлдэхүүн зузаан “Apes”-ийн сэлгээнд талбайд гараад тоглолтыг өөрчлөх, шийдэх чадамжтай олон тоглогч байсан. Мөн энэ өдөр тус багийн ихэр цамхгийн нэг П.Болортулга тоглоогүй гэдгийг онцлох хэрэгтэй.


  

Харцагын легионер Жаррон Крамп багтаа уусч чадаагүй нь харагдсан. Хэдий тэрбээр 24 оноо авч, багаа тэргүүлсэн ч түүнийг талбайд байхад баг нь -18 оноотой байлаа. Мөн ШУТИС Шарксаас буурь сэлгэн Харцагад нэгдсэн О.Баянбаатар, Б.Мөнхбилэг шинэ багтаа дасаж, гол тоглогчид нь болжээ. Одоогоор “IHC Apes” баг нэг ч хожигдолгүй, 5 хожилтой лигийг тэргүүлж байна.


М Гарьд 91 – 100 Хасын Хүлэгүүд


Орчин цагийн Монголын сагсан бөмбөгийн ривал багуудын тоглолт энэ өдрийн оргил нь байлаа. Тамирчдаас гадна дэмжигчид нь хүртэл түнжин муутай 2 багийн тоглолт эхнээсээ ширүүн өрнөсөн. М Гарьдаас Малколм Ретт, О.Эрдэнэцогт нар, аваргуудаас О.Сэргэлэн, Т.Мэндбаяр нар энэ тоглолтыг өнжсөн.


Тоглолтыг М Гарьд сайн эхлүүлж, эхлээд эсрэг багийнхаа ноён нуруу Б.Билгүүнийг дараа нь залуу од А.Анандыг алдуулж чадсан. Үүнээс гадна тэдний алсын зайн шидэлтүүд 4 дүгээр үеийн төгсгөл хүртэл амжилттай болж байлаа. Харамсалтай нь яг хэрэгтэй, эгзэгтэй мөчид цагирагт орсонгүй.

Нэгдүгээр үед Хүлэгүүдийн довтолгоо унасан үед Вүден Жуниор болон С.Мөнхбаатар нар багийнхаа оноог явуулж байв. Ялангуяа хуучин багийнхаа, багшийнхаа эсрэг тоглосон С.Мөнхбаатар энэ өдөр мэдэгдэл хийхээр гарч ирсэн нь харагдсан. Түүний алсын зайн шидэлтүүд, хамгаалалт багтаа эерэг үр дагавар авчирч байлаа.


Харин М Гарьдаас А.Тэмүүжин, М.Тэлмэн нар онцгойрч, онооны зөрүү ойрхон байх шалтгаан байлаа. Тэд хамтдаа 11 алсын зайн шидэлтийг амжилттай болгожээ. Мөн залуу довтлогчдын хослол нь болох А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн нар нийлээд 29 оноо авав.


М Гарьдын оноог ойртуулах хичээл зүтгэлийг 2 дугаар хагаст Б.Билгүүн, Ц.Азбаяр, Стэнфорт Жуниор 3 амжилтгүй болгосон. Б.Билгүүн хаалт болон хэцүү байдлаас гүйцэтгэсэн гоёмсог довтолгоонууд эсрэг багаа мохоосон бол Ц.Азбаярын алсын зайн шидэлтүүд болон Стэнфортын гоцлон тоглолт тэргүүллээ хадгалах гол хүчин зүйлс байв. Тэргүүн тоглогч А.Тэмүүжин бүх тоглогчдыг 33 оноогоор тэргүүлэв.


Аваргын баяр, амралтаа хэтрүүлж, улирлыг тааруу эхлүүлсэн Хасын Хүлэгүүд энэ тоглолтод хожсоноор хоёр хожил, хоёр хожигдолтой болсон бол өнгө төрхөө шинэчилсэн М Гарьд мөн адил амжилттай болжээ.

Холбоотой мэдээ