КАТАР-2022: Хорват хүрэл медалийн эзэд болсноор ДАШТ-ий 1 мөнгө, хошой хүрэлтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-18 15:51:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар-2022” ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт өчигдөр /2022.12.17/ Khalifa International цэнгэлдэхэд 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Хорватын шигшээ баг, Мароккогийн шигшээ багийн хооронд өрнөж, хорватчууд 2:1-ээр яллаа.


Энэхүү тоглолтын эхний үеийн 7 дахь минутад Йоско Гвардиол /Josko Gvardiol/ гоол оруулж тэмцээний гоолын салхийг хагалснаар Хорват илүүрхсэн ч 2-хон минутын дараа Мароккогийн тоглогч Ашраф Дари /Achraf Dari/ өрсөлдөгч багийн хаалганд гоол хийж 1:1 болж оноог тэнцүүлсэн юм.


Тэд өмнө нь хэсэгтээ таарч тоглохдоо 0:0-ээр тэнцсэн бол энэ удаад  харилцан ширүүн довтолгоо хийж дайчин тоглолт үзүүлэв. Улмаар нэгдүгээр үеийн 42 дахь минутад Хорватын Мислав Оршич / Mislav Orsic/ талбайн хурц өнцгөөс алсын цохилтыг гайхалтай хийж гоол оруулснаар Марокко 2:1 хожигдож, эхний үе дууслаа.


Тоглолтын 2 дугаар үед Мароккогийн довтолгоо эрчимжиж гоол оруулах боломж гарсан ч гоол болгож чадаагүй бөгөөд хорватчууд ч дахин боломж байсан хэдий ч гоолоо нэмж чадалгүй байсаар 2:1-ээр өрсөлдөгчөө хожиж 2 ДАШТ-ээс дараалан мөнгө, хүрэл медаль хүртсэн баг боллоо.


Европын 4 сая гаруйхан хүн амтай Хорват улсын хөлбөмбөгчид анх 1998 онд ДАШТ-ий хүрэл медаль хүртэж хүчирхэг гэдгээ харуулсан бол ийнхүү дэлхийн 1 мөнгө, 2 хүрэл медальтай шилдэг баг болохоо дахин баталлаа.


Хорватын дасгалжуулагч Златко Далич “Баг тамирчдаараа, бас эх орноороо бахархаж байна. Бидний хувьд энэ медаль бол алтын дайтай хүрэл байлаа. Бид хүнд тэмцээнд хүч сорилоо. ДАШТ-д сайн тоглолт үзүүлж, гайхалтай ажилласан Мароккод баяр хүргэмээр байна. Бахархал төрж, баяртай байна. Магадгүй Хорватыг ийм амжилт үзүүлнэ гэж таамаглаагүй байх. Бид жижиг улс ч том мөрөөдөлтэй. Бүх хүмүүст талархал илэрхийлье. Модрич бол бидний ахлагч, тэр бол бидний дуу хоолой, тэр тэмцээний турш сайн тоглолоо. Тэр 37-той ч 25 настай юм шиг л байж чадлаа. Тэр бидний лидер учир бүгд түүнийг дагадаг. Модричийг 2024 оны Европын АШТ-д ч багаа тэргүүлнэ гэж найдаж байгаа” гэв.


Мароккогийн дасгалжуулагч Валид Реграги “Бид дүгнэлт хийж, энд гаргасан гайхалтай амжилтаа тунгаан бодно. Бид дэлхийн топ 3 багийн нэг болох Хорваттай 2 удаа тоглосон. Мөн Испани, Португал, Франц, Бельги, Хорватын эсрэг тоглосон маань гайхалтай юм. Бид нэг л өдөр ДАШТ-д түрүүлэх нөөц бололцоо байгаагаа мэдэрсэн. Марокко тэдэнтэй нэг түвшинд гэдгээ харуулж чадлаа” хэмээн онцолжээ.

Холбоотой мэдээ