КАТАР-2022: Аргентин хүчирхэг гэдгээ баталж Дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөхөөр туналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-14 09:52:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын эхний тулаан “Lusail” цэнгэлдэхэд өнгөрсөн шөнө /12.14/ 03.00 цагаас Аргентин-Хорватын шигшээ багуудын хооронд өрнөж аргентинчууд 3:0-ээр итгэл төгс өрсөлдөгчөө хожиж, Месси мөрөөдлөө биелүүлэхэд ганцхан тоглолт үлдлээ.


Энэ удаагийн ДАШТ-ий эхэнд хамгийн санаанд оромгүй шуугианыг тарьж Саудын Арабын шигшээ багт 2:1-ээр хожигдсон Аргентины шигшээ багийг аваргын төлөө өрсөлдөнө гэх фанатуудын итгэл алдраад байсан юм. Харин Аргентины шигшээ Хорваттай хийсэн тулаан хүчирхэг баг гэдгээ дахин нотоллоо.


Тоглолтын эхний гоолыг Месси 11 метрийн торгуулийн цохилтоос оруулснаар энэ ДАШТ-ий 5 дахь гоол нь болов. Торгуулийн талбай дотор Хулиан Алварезыг Хорватын хаалгач Доминик Ливакович унагааж, шар хуудас хүртэн тус торгуулийн цохилтыг хийсэн юм.


Хорватыг гоол оруулах гэж боломж эрэлхийлэн улайрах мөчид Алварез хамгаалалтынх нь алдааг ашиглан гоолдож эхний үед 2:0-ээр Аргентин тэргүүлэн хожлоо улам баталгаажуулсан.


Улмаар Мессигийн дамжуулалтаар Алварез 3 дахь гоолыг 69 дэх минутад оруулж амжлаа. Харин хаалгач Ливаковичийн ачаар Хорват олон гоолоор хожигдсонгүй.


Энэхүү гайхалтай тоглолтын дараа Месси “Би олон зүйл мэдэрч байна. Цэнгэлдэхийг хараад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Ард түмэн, гэр бүлээ ДАШТ-ий турш харах гайхалтай сайхан байна. Би хүссэн төгсгөлийн тоглолтоо хийхээр боллоо. Энэ ДАШТ миний сүүлийнх эсэхийг мэдэхгүй байна. Энэ тэмцээнийг үнэхээр би таашааж байна. Манай бүрэлдэхүүн энэ хүртэл явна гэдэгтээ итгэлтэй байна. Бид хэн гэдгээ мэднэ. Тэр ч утгаараа ард түмнээ бидэнд итгэхийг хүссэн. Тэмцээний турш олон л нөхцөл байдалд байж үзлээ. Энэ өдөр гайхалтай мөч тохиолоо. Энд ирсэн дэмжигчид болон Аргентинд дэмжиж буй иргэдээ бид маш сайн мэдэрч байна. Энэ гайхалтай мөчийг төсөөлж байлаа. Бид энэ удаагийн тэмцээний турш фаворит нь байгаагүй. Харин бууж өгөхийг хүсээгүй. Бид тоглолтоос тоглолтод сайжирч чадлаа. Аргентин дахин финалд шалгарч чадлаа. Үнэхээр гайхалтай” гэв. Тэр энэ тоглолтод үнэхээр хамгийн шилдэг нь байж чадсан юм.



Холбоотой мэдээ