Сирид гал зогсоох асуудлаар АНУ болон ОХУ хараахан тохиролцоонд хүрч чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-27 11:51:48

ЖЕНЕВ. /Xinhua/. Сирид гал зогсоох хэлэлцээрийг сэргээхийн тулд дорвитой арга хэмжээ авах асуудлаар АНУ болон ОХУ хараахан тохиролцоонд хүрч чадсангүй.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар баасан гарагт Женев хотноо бараг 12 цагийн турш хэлэлцээ хийжээ. Тэд урьд нь өнгөрсөн долдугаар сард уг асуудлыг Москва хотод хэлэлцэж байсан билээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засаг захиргаа болон сөрөг хүчнийхний хооронд өнгөрсөн хоёрдугаар сард түр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч хойд нутгийн Алеппо хотод ширүүн тулаан өрнөсөөр байна.

Уулзалтын дараа Керри хэлэхдээ “Сирийн засгийн газрын хүчнийхнээр гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдүүлэх асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр Лавровтой тохиролцлоо” гэжээ.

ОХУ нь Асадын засаг захиргааг дэмждэг юм.

Керригийн хэлснээр, хоёр талд санал зөрөлдөөнтэй асуудлууд байгаа боловч тохиролцоонд хүрэхэд тун ойртжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ