Улсын начин Б.Даваа-Очир түрүүлж, Улсын начин Э.Батмагнай үзүүрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-11 15:46:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, Сүлд спорт хороо, “Империалд Гоулд Майнинг” ХХК, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, улсын начин Батбаярын Даваа-Очир түрүүллээ.


Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алегротовер” ХХК, "Богд" банк, “Хонгор нутаг ” дэвжээний бөх,  шинэ, залуу улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв. Тэдний хувьд хэн хэн нь анх удаагаа улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэжээ.


Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Блю Драгон” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нисдэг машин” ХХК, Жавхлант дэвжээний бөх, улсын начин Бо.Батжаргал нар шалгарлаа.


Дунд шөвгийн долоод улсын харцага Х.Гантулга, Ц.Бямба-Отгон, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдэв.

Уран барилдаан шагналыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, сумын заан Д.Төгс-Эрдэнэд гардуулав.



Тэрбээр нэгийн даваанд аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг, хоёрт улсын заан Б.Пүрэвсайханыг, гуравт улсын арслан Р.Пүрэвдагвыг, дөрөвт улсын аварга П.Бүрэнтөгсийг давж, тавын даваанд улсын харцага Х.Гантулгад өвдөг шороодсон юм.



Холбоотой мэдээ