Монголын үндэсний паралимпын хороо “Оны шилдгүүд”-ээ шалгарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-10 15:40:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ноос өнөөдөр 2022 оны шилдгүүдээ шалгаруулан “Оны шилдэг”-ийн өргөмжлөл, цом гардуулах ёслолыг “Улаанбаатар” зочид буудалд зохион байгуулав.


Монголын пара спортыг дэмжигч “Оны шилдэг дэмжигч байгууллага”-аар “Дүүрэн трэйд” ХХК-ийн хамт олон шалгарсан байна. “Дүүрэн трейд” ХХК нь Монголын пара гүйлтийн цанын баг тамирчдыг “Бээжин – 2022” өвлийн паралимпын   наадамд   амжилттай   оролцоход хувь нэмэр оруулж, олон улсын стандартад нийцсэн цанын хэрэглэл материал, тэмцээний хувцас болон бэлтгэл сургуулилт хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Дүүрэн трейд ХХК захирал Ренчинханд энэхүү шагналыг гардан авлаа .


“Оны онцлох спортын холбоо”-гоор Монголын Тэргэнцэртэй сэлэмний спортын холбоогоор шалгарч МҮПХ-ны Өргөмжлөл, цом хүртлээ. Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо нь дотоодын өрсөлдөөнийг сайжруулах зорилгоор дотоодын 8 тэмцээн зохион байгуулсан. Мөн 2022 оны 5 дугаар сард   Тайланд улсад зохион байгуулсан “Парис-2024” Зуны паралимпын наадамд оролцох эрхийн оноо олгох Дэлхийн цомын тэмцээнд анх удаа Монголын тэргэнцэртэй сэлэмний тамирчид оролцож шилдэг 16-д шалгарч дэлхийн чансааны 43 дугаар байрт бичигдсэн.


Мөн МҮПХ-ны “2022 оны шилдэг холбоо” шагналын эзнээр Пара жүдо бөхийн холбоо шалгарлаа. Монголын пара жүдо бөхийн холбоо нь 2022 оны Азербайжан   улсын нийслэл Баку хотноо зохион байгуулсан Дэлхийн аварга   шалгаруулах тэмцээнд 9 тамирчны бүрэлдэхүүнтэй багийг амжилттай бэлтгэн оролцож, эмэгтэй  70 кг  жинд  мөнгөн медаль хүртсэн. Монголын Бүх Ард Түмний спортын наадамд пара жүдо бөхийн төрөлд нийт 17 аймаг, дөрвөн дүүргийн нийт 60 гаруй тамирчин  оролцож, тэмцээний зохион байгуулалтыг өндөр түвшинд амжилттай хийсэн юм.


Харин “Оны Шилдэг баг”-аар пара байт харвааны баг тамирчид шалгарсан юм. Байт харваа /Д.Сэлэнгэ, Б.Жавхлантөгс/-ны баг Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2 дугаар сард зохион байгуулсан пара байт харвааны ДАШТ-д Монгол Улсынбаг тамирчид амжилттай оролцож паралимпийн үндсэн төрөл болох рекурв (70 м) харвааны эмэгтэй багийн төрөлд Дэмбэрэлийн Сэлэнгээ, Баатарын Жавхлантөгс хүрэл медаль хүртэж, анхны байт харвааны багийн төрлөөр дэлхийн медальтан болсон юм.


“Оны шилдэг залуу тамирчин” шагналын эзнээр Ц.Дашдорж пара гүйлтийн цанын тамирчин шалгарлаа. Цэгмидийн Дашдорж нь 2001 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн. Гүйлтийн цанын төрлөөр 2015 оноос хичээллэж байгаа.  Энэ оны нэгдүгээр сарын 8-24-нд Норвеги улсын Лиллехаммер хотноо   зохион байгуулсан ДАШТ 20 км-ын зайд 10 дугаар байр, Швед улсад 2 дугаар сард зохион байгуулагдсан Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 12.5 км зайд 5 дугаар байр, 1.5 км зайд 13 байр тус тус эзэлж “Бээжин-2022” Өвлийн паралимпын наадамд 3 зайд амжилттай оролцсон.


МҮПХ-ны “2022 оны Шилдэг эмэгтэй дасгалжуулагч”-аар пара жүдо бөхийн дасгалжуулагч Б.Нарантуяа пара шалгарсан. Тэрбээр Үндэсний шигшээ багийн   дасгалжуулагч ажиллахдаа өөрийн удирдлага дор 9 тамирчинг бэлтгэж ДАШТ-д амжилттай оролцсон. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус тэмцээний J1   ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртсэн. Энэ   тэмцээнд 41 орны нийт 241 тамирчид ур чадвараа сорин өрсөлдсөн юм.


“Оны Шилдэг эрэгтэй дасгалжуулагч”-аар пара байт харвааны дасгалжуулагч Б.Золбоо тодорлоо. Баатахжавын Золбоо Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2 дугаар сард зохион байгуулсан пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож (70 м) харвааны эмэгтэй багийн төрөлд анхны байт харвааны багийн төрлөөр дэлхийн медальтан болсон. Монголын Бүх ард түмний наадамд эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн байна. 2022 онд Золбоо дасгалжуулагчийн удирдлага дор баг тамирчид   нэг алт, 5 мөнгө, 2 хүрэл медалийг улсын хэмжээний тэмцээнүүдээс хүртсэн байна.


МҮПХ-ны “2022 оны Шилдэг эмэгтэй тамирчин” шагналыг пара таеквондоггийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Энхтуяа хүртсэн юм.


Х.Энхтуяа Парисын Гран при тэмцээнээс алтан медаль, Софигийн Гран при тэмцээнээс мөнгөн медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.  Мөн тэрбээр Саудын Арабын Рияад хотноо 12 дугаар сарын 8-10 өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гран при шилдэг-8” олон улсын тэмцээнд оролцож байна.


“Оны шилдэг эрэгтэй тамирчин”-гаар пара буудлага спортын тамирчин Г.Ганзориг тодорлоо. Тэрбээр БНСУ-ын Чанвон хотод энэ 8 дугаар сард зохион байгуулсан   Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 10 метрийн хийн гар бууны P-1 дасгалд хүрэл медаль, 50 м сонгомол гар бууны P-1 дасгалд алтан медаль тус тус хүртсэн.

 МҮПХ-ны “Оны Шилдгийн Шилдэг тамирчин” шагналыг Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа хүртсэн юм.



Л.Туруунаа 2022 оны Азербайжан улсын нийслэл Баку хотноо зохион  байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг жинд мөнгөн медалийн эзэн болсон юм. Монголын бүх ард түмний спортын наадмаас алтан медаль хүртсэн байна. Түүний шагналыг МҮПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү гардуулж, спортын өндөр амжилт хүсэж баяр хүргэсэн юм.



Түүнчлэн МҮПХ-ны “Оны шилдэг зүтгэлтэн” шагналын эзнээр Монголын Хонхтой бөмбөг холбооны зүтгэлтэн П.Туул тодорлоо. Хонхот бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Туул олон ажлыг амжилттай зохион байгуулжээ. Монголын хонхтой бөмбөгийн холбоо үүсгэн байгуулагдсан 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тус холбоо нь Монголын бүх ард түмний спортын наадам, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн, Холбооны 10 жилийн ойн нэрэмжит   тэмцээн, Ахмад тамирчин С.Туяацэцэгийн нэрэмжит тэмцээн зэргийг маш амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор аймаг, нийслэл, дүүргийн харааны бэрхшээлтэй 250 гаруй тамирчдыг хамруулсан юм байна.


Энэхүү ёслолд МҮПХ-ны тэргүүн Дэд ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Сүрэнхорлоо, МҮПХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Бямбаа, Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Бээжин-2008” Зуны паралимпын наадмын аварга Д.Баатаржав, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Токио-2020” Зуны паралимпын наадмын аварга Э.Содномпилжээ, Спортын   анагаах   ухаан,   эрдэм   шинжилгээний   төвийн   дарга Б.Эрдэнэваанчиг, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баттулга нар оролцож шилдгүүдэд шагналыг нь гардуулсан юм.



Мөн энэ үеэр МҮПХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн Г.Болор-Эрдэнэ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн Олон улсын паралимпын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн паралимпын хорооны УЗ-ийн гишүүн, Эмэгтэйчүүдийн комиссын дарга, МҮПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нарт хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.









Холбоотой мэдээ