ЗАВХАН: Арц суурийн боомтын зэрэглэлийг нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-06 12:27:29

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжинэ.

Монгол Улс боомтын хүчин чадлаар дэлхийн 160 улсаас, 130 дугаарт эрэмбэлэгдэж байна. Боомтын сэргэлтийн хүрээнд, Завхан төдийгүй баруун аймгууд ОХУ-тай хамгийн дөт замаар худалдаа эрхлэх боломжтой. Энэ нь Арц суурийн боомт юм. Тус боомт нь ачаа, тээврийн урсгал бүхий нэг замтай, жилд 200 орчим сая ам.долларын ачаа барааны эргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зорилтын хүрээнд, тус аймагт Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжих юм.


Ингэснээр боомтын зэрэглэл нэмэгдэн, ачаа тээврийн нэвтрэх урсгал эрс сайжирна. Гадаад харилцаа, аялал жуулчлал, хилийн худалдаа нэмэгдэж иргэдийн амьжиргаа болон аймгийн эдийн засагт томоохон ахиц гарах юм. Мөн Нөмрөг-Улаангом чиглэлийн “А18” дугаартай автозамаас Арц суурь хилийн боомт хүртэлх 159.5 км хатуу хучилттай автозамын ТЭЗҮ болон зураг төсөл нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж, Улиастай-Алтай чиглэлийн 198 км хатуу хучилттай автозамын ТЭЗҮ, зураг төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус тус хийсэн гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд, хилийн Арцсуурь авто замын боомтыг 1976 онд байгуулсан. Тэс сумын нутагт байрладаг. Аймгийн төвөөс 360 км, Тэс сумын төвөөс 45 км-т байрладаг. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Эрзин тосгоны хэсэгт байрладаг, Цагаан толгой авто замын боомттой хиллэдэг. Тус боомт даваа - бямба гарагт 09.00-18.00 цагт ажилладаг. Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд хилийн асуудлаар байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.  

Холбоотой мэдээ