Завхан аймгийн баг шигшээ наймд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-06 10:41:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 2 дугаар шатны 5 дахь өдөр Баянзүрх дүүргийн баг Завхан аймгийн багтай учраа тааран барилдлаа.


Завхан аймгийн баг 19:6-аар илт давуу ялж, шигшээ наймд шалгаран шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа. Тус багт  улсын заан М.Лхагвагэрэл /5/, сэлгээгээр орсон улсын харцага Л.Лха-Очир /3/, улсын харцага Д.Бат-Эрдэнэ /3/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /3/, улсын начин М.Чимэдвандан /4/, улсын начин Т.Дүгэрдорж /1/ даваа авсан байна.


Харин Баянзүрх дүүргийн багаас улсын начин Ж.Ням-Эрдэнэ /1/, улсын начин Э.Энх-Амгалан /1/, аймгийн арслан Б.Тайван /1/, аймгийн арслан Б.Нямсамбуу /1/, аймгийн заан Б.Даваадалай /2/, сэлгээгээр орсон аймгийн заан Э.Өлзийбаяр /0/ даваа авчээ.


Өнөөдөр болох байсан Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 22 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Ардчилсан намаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.


Харин маргааш буюу 12 дугаар сарын 07-ны 19.00 цагаас Өвөрхангай аймгийн баг Улаанбаатар хотын багтай барилдах юм байна.

Холбоотой мэдээ