КАТАР-2022: Шөвгийн наймд Франц-Английн шигшээгийн супер тулаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-05 08:41:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус улсаас сурвалжилж байгаа Монголын ганц спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/-гийн бичсэн ДАШТ-ий эргэн тойрны мэдээ, мэдээлэл, тодруулгыг та бүхэндээ толилуулж байна.


"Катар-2022" өдрийн тэмдэглэл #15

"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатанд буюу шилдэг 16-д бүх цаг үеийн түүхэндээ анх удаа бүх тивийн төлөөлөл үлдсэн билээ. Харин хасагдах шатны эхний хоёр өдрийн дараа Хойд Америк "депутат"-гүй боллоо.


Одоогоор "Катар"-ын чуулганд Европын  долоо /Холланд, Франц, Англи, Хорват, Испани, Португал, Швейцарь/, Өмнөд Америкийн хоёр /Аргентин, Бразил/, Азийн хоёр /Япон, БНСУ/,  Африкийн нэг /Марокко/ "гишүүн" ирцтэй байгаа.


Франц-Польш 3:1

Дэлхийн аварга Францын "гурван өнгөтнүүд" Польшийн "цагаан бүргэдүүд"-ийг төвөггүй хожиж, шөвгийн наймд үлдлээ. Францын гол довтолгоо зүүн жигүүрээр Эрнандес - Рабьо-Мбаппе нарын оролцоогоор өрнөж байв. Баруун жигүүрт Дембеле ганцаараа тонгочиж, төвд Жиру, тэгээд ард нь Гризманн найруулаад Францын довтолгоо үнэхээр класс, Польшоос бол "толгой илүү" байв.


Жиру нэг, Мбаппе хоёр гоолоор ДАШТ-ий шилдэг хаалгачийн нэг Шчесныйгийн хаалгыг мялааж, 3:0 болгосон. Харин тоглолтын нэмэлт цаг дуусах мөчид Левандовски нэр төрийн ганц гоолыг оруулснаар тоглолт дууслаа.


Мбаппе 5 гоолтой болж "Катар-2022" ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ.


Англи-Сенегал 3:0

Хэдийгээр Хэндерсон, Кэйн, Сака нарын гоолоор Сенегалыг өчиггүй ялсан ч хурц, дайчин хөлбөмбөг бол тоглосонгүй ээ, англичууд.


Энэ тоглолтод Английн Рахим Стерлинг оролцоогүй. Түүний гэрт зэвсэгт дээрэмчид довтолсон муу мэдээ ирсэн тул Стерлинг Англи дахь гэр бүл рүүгээ нисчээ. Хөлбөмбөгөөс илүү үнэ цэнэтэй зүйл бас байлгүй яахав.


Сенегал энэ тэмцээнд тоглолт болгондоо тактик, схемээ өөрчилж байгаа. Багийн гол үүрэг гүйцэтгэгч Идрисса Гуйе энэ тоглолтыг шар хуудасны шийтгэлийн улмаас өнжсөн нь Сенегалын тоглолт, тактик, схемд ихээхэн хохирол учрууллаа.


Шар хуудас гэснээс Английн шигшээ баг энэ дэлхийн аваргад ганц ч шар хуудас аваагүй байгаа цорын ганц баг юм.


“Ийнхүү шөвгийн наймд Франц-Англи гэсэн бас нэг супер тулаан болох нь” хэмээн Катараас мэдээлж байна.

Холбоотой мэдээ