ӨВӨРХАНГАЙ: Зорилтот жилийн ажлыг 91 хувьтай дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-03 12:13:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 07/04 дүгээр тогтоолын дагуу 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” жил болгон зарлаж байсан. Өнөөдөр жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлэлцлээ.

Зорилтот жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 320 мянган мод, бут тарьсан байна. Нийт тарьсан модны 36 мянгыг айл өрх, 70 мянга орчмыг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьж, төв суурин газрын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 140 мянга, ойжуулалт, хамгаалалтын ойн зурваст 74 мянган ширхэг мод бут тарьжээ.

Уг ажилд нийт 492 аж ахуйн нэгж, байгууллага, 16428 иргэн оролцож, тарьсан модны амьдралтын хувь дунджаар 80 хувьтай ургаж байгаа юм. Мөн орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийснийг Зорилтот жилийн ажлын хорооны дарга И.Доржсүрэн танилцууллаа.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон ХХААБОБХ-ны дүгнэлтээр “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” жилийн ажлын биелэлтийг 91 хувьтай, зорилтот түвшиндээ хүрсэн гэж дүгнэлээ. 

Холбоотой мэдээ