Д.Доржготов: Энэ шагнал шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-11-24 12:28:11
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Академич Дэчингунгаагийн Доржготов талархал илэрхийлж үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө,

Төр, нийгмийн зүтгэлтэн, Чингис хаан одонт эрхмүүд ээ,

Эрдэмтэн судлаач, номын эрхэм нөхөд өө.


Газар зүй, хөрс судлалын шинжлэх ухааны салбарт олон жил зүтгэж яваа миний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэнд чин сэтгэлээсээ талархаж, цээж дүүрэн баяртай байна.


Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн баталгаа, эрчимтэй хөгжлийн тулгуур, хөшүүрэг, хөдөлгүүр болсон өнөө үед төрөөс энэхүү эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачдын төлөөлөгч надад өгч байгаа нь шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна.


Монголчууд бид ихэс дээдсийн ариун голомт Бурхан Халдун хайрхан, гурван мөрний сав нутагт өсөж торнин, ертөнц дахинаа гайхагдсан эзэн Чингис хааны цогцлоон байгуулсан агуу их эзэнт гүрний түүх, уул ус, газар нутаг, сав шимийн ертөнцтэйгээ салшгүй холбоотой билээ.


Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн хөрст газар хөрвөж, хөвчин дэлхий дайтаж байх цаг дор эзэн Чингис хаан усны тунгалаг, өвсний соргог, уулын өндөр, талын уудмыг шүтэн эзэмшиж, нүүдлийн иргэншлийн түүхэн дээд, хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан чанадын утга учир нь Монгол орны минь байгаль, цаг уур, говь хангай, тал хээр хосолсон үржил шимт хөрс бүхий газар нутагт минь оршиж байжээ.


Тиймээс газар нутгийн онцлог, нэршил, нэрийдэл, хөрс шороо, ургамал, амьтан, гадаргын хийгээд газрын доорх хэвлийн баялаг бүгд эх түүхийн суурь нэгэн үндэс болохын учир түүхэн дэх газрын хүчин зүйлийг эрдэмтэд ихэд анхааран, тал бүрээс нь судалж ирсэн түүхтэй.


Миний сурч эзэмшсэн мэргэжил, судалж бүтээсэн мэдлэг маань нүүдлийн соёл иргэншлийн гайхамшигт түүхийг бүтээсэн энэ хөрст газартай амин холбоотой явсаар 60 гаруй жилийг үзэж байна.


Газар зүйн судалгаа бол улс орны тусгаар тогтнол, ашид оршихын баталгаа гэдгийг манай үе үеийн судлаачид, эрдэмтэд гүнээ ухамсарлаж, эх орондоо  газарзүйн шинжлэх ухааны бүхий л салбарыг хөгжүүлэхийн төлөө 98 жил цуцалтгүй ажиллаж, хөдөлмөрлөж ирсний сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд нь өөрийн өчүүхэн боловч хувь нэмэр оруулсандаа баяртай байна.


Хамт олон, хамтран зүтгэгч та бүхнээрээ бахархаж байна.


Энэ хугацаанд судлаач нөхөдтэйгээ хамтран эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүх мэдээллийг багтаасан шинжлэх ухаан, зураг зүйн бүрэн хэмжээний лавлах “Монгол Улсын үндэсний атлас”-ыг гурван удаа боловсруулан нийтлүүлж, Монгол орныхоо бараг нийт нутгийг хамарсан хөрс, хөрсөн бүрхэвчийн судалгааны 50 гаруй удаагийн хээрийн экспедиц зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, физик, химийн шинжилгээ, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, бүтээл туурвиж, “Байгаль нуурын сав нуурын экологийн атлас”, “Монгол орны экосистемийн атлас”, “Сэлэнгэ-Байгал нуурын бүс нутгийн экологи-газарзүйн атлас” зэрэг орчин зүйн судалгааны томоохон бүтээлүүдэд оролцлоо.


Энэ судалгааны дүнд өнөөдөр бид нийт Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолох арга зүйг боловсруулан баталгаажуулж, байдал, төлөвийг нь экосистемийн хүрээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэгийг бий болгож чадсан юм.


Энэ бүх ажлыг гүйцэтгэхэд надад итгэл хүлээлгэж, хамтран зүтгэж, тусалж дэмжиж ирсэн Шинжлэх ухааны академийн удирдлага, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн  мэргэжил нэгт эрдэмтэн багш, шавь нартаа болон гэр бүлийнхэндээ гүн талархал илэрхийлье.


Монголын төр, түмэн олон минь хувь заяагаар учирсан хөрст энэ нутаг орноо үеийн үед, ургийн урагт хайрлан хүндэлж, бишрэн дээдэлж, унаган дагшнаар нь авч яваарай хэмээн өвгөн эрдэмтэн ах нь уламжилж байна.


Эрдэм мэдлэг арвижин дэлгэрч, эх орон минь мөнхөд хөгжин дэвжих болтугай.

Холбоотой мэдээ