БАЯНХОНГОР: “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд Номун далай сургуулийнхан тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-21 14:57:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол шинжлэх ухааны газар, Улаан загалмайн хороотой хамтран “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг зохион байгууллаа.


Тэмцээнд  3-5 дугаар ангийн 60 гаруй сурагч оролцож, мэндчилгээ, хамтдаа буухиа, урлагийн тоглолт, гэрийн даалгавар, багийн ахлагч нарын дундах тэмцээн гэсэн төрлүүдээр өрсөлдөж, тэмцээний нийлбэр дүнгээр аваргыг шалгаруулжээ.


Тэмцээнд аймгийн төвийн 4, хөдөө сумын нэг сургуулийн баг оролцсоноос тэргүүн байрт Ерөнхий боловсролын “Номун далай" цогцолбор сургууль, дэд байрт Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургууль, гутгаар байрт "Эрдэм" ахлах сургуулийн баг шалгарсан байна. Тэмцээний "Шилдэг зохицуулагч"-аар "Номгон" сургуулийн 5в ангийн сурагч Г.Санжаадамба шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.


Тус тэмцээн хүүхдийг зам тээврийн осол, хэргээс  урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв  дадалд  сургах, аюулгүй байдлаа  хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн  мэдлэг олгох зорилготой. Мөн тэдний  эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог  нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ