"Шинжлэх ухаан, технологийн салбарын суутнууд" эрдэм шинжилгээний хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-11-18 16:52:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Техник технологийн салбарын Бага чуулганаас ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран  "Шинжлэх ухаан, технологийн салбарын суутнууд" эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.


Цаашдаа энэхүү эрдэм шинжилгээний хурлыг цувралаар зохион байгуулах бөгөөд үйл ажиллагааны эхлэл болгон өнөөдөр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич Ч.Авдай, Монгол Улсын анхны ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн шагналт, Чингис хаан одонт, Академич П.Очирбат нарын судалгааны ажил, бүтээл туурвилыг дэлгэрүүлэхээр тус хурлыг зохион байгуулав.

“Энэ  хоёр эрхэм  бол  алдар гавьяатай хүмүүс. Монгол Улсын анхны ерөнхийлөгч, Монгол Улсын баатар, “Чингис хаан”  одонт гээд алдар гавьяаны том эзэд. Нөгөө талаар суутнууд. Бид номтой хүнийг “Суутнууд” хэмээн тодорхойлж тэдний ном, эрдмийг олон түмэнд сурталчилж, таниулах ажлыг санаачлан зохион байгуулж байна” хэмээн ШУА-ийн Техник, технологийн салбарын Бага чуулганы гишүүн, академич Х.Энхжаргал онцлов. 

Эрдэм шинжилгээний хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ,Дэлхий даяар шинжлэх ухаангүйгээр  аливаа хөгжил ирэхгүй гэдгийг бүгд ойлгочихлоо. “Аж үйлдвэрийн IV хувьсгал” 2024-2025 онд оргил цэг дээрээ хүрч ирэх юм гэдэг нь тодорхой боллоо. Энэ хувьсгалын галт тэргэнд улс орнууд яаж амжиж суух вэ гэдэг асуудал  одоо яригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 2.3 их наяд ам.долларыг шинжлэх ухаандаа зарж байна. Хэмжээний хувьд АНУ нэгдүгээрт, Хятад  улс хоёрдугаарт жагсаж байгаа. 2023-2024 онд шинжлэх ухаанд зарж байгаа нийт зардлын хэмжээгээрээ БНХАУ нэгдүгээрт орох төлөвтэй. 450 орчим тэрбум долларыг шинжлэх ухаандаа зарна гэдгээ зарлалаа.  Өөрөөр хэлбэл, мөнгө зарж байж шинжлэх ухаан хөгжинө гэдгийг дэлхий нийт  сайн ойлгож байна. Азид Солонгос улс ДНБ-нийхээ эзлэх хувиараа дэлхийд тэргүүлээд ирлээ. Монгол Улсын хувьд ДНБ-нийхээ 0.2 хувийг шинжлэх ухаандаа зарж байна.  Шинжлэх ухаан технологийн салбарт зөндөөн асуудал байна. Энэ салбарт олон алдартан суутан төрүүлж, шинжлэх ухаан технологийн салбарын ажлын ололт амжилтыг практик хэрэглээнд нэвтрүүлэхэд яах аргагүй 2 чухал зүйл шаардагдаад байгаа. Нэгдүгээрт нийт зардлаа нэмэх ёстой. Хоёрдугаарт энд ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтнуудынхаа цалинг нэмж байж “Алтан толгойтон”-ууд төрж гарна гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдрийн онцолж буй 2 эрдэмтний тухайд гэвэл  социализмын үед ДНБ-нийхээ 1 хувийг шинжлэх ухаан технологийн арга хэмжээнд зарж байх үед судалгаа шинжилгээний ажлынхаа суурийг сайн тавьж  чадсан.  Одоо залуу үе гарч ирэхэд  өөр нөхцөл шаардагдаж байна. Монгол Улс 2024 он гэхэд ДНБ-нийхээ 1 хувийг шинжлэх ухаан технологийн салбарт зарна гэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр явж байгаа. Чухам яаж хэрэгжихийг мэдэхгүй байна. 2023 оны төсөвт 70 орчим тэрбум тавигдсан нь анх удаа гэж хэлж болохоор үйл явц боллоо. Цаашдаа энэ маягаар ахиц дэвшил гараад явбал энэ салбарт илүү олон “Алтан толгойтон” төрнө гэж итгэж байна.  Үүнээс гадна Шинжлэх ухаан технологийн салбарт томоохон бодитой үр дүнтэй ажил хийе гэвэл энэ салбарт ажиллаж байгаа төр, хувийн хэвшлийн бүх байгууллагууд бүхий л  боломжоороо үйл ажиллагаагаа нэгтгэж ажиллах нь чухал” гэсэн юм.


Мөн энэ үеэр академич Ч.Авдай “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн бодлого түүнийг хэрэгжүүлэх арга зам” сэдвээр   академич П.Очирбат Эрдэс баялгийн салбарын хөгжлийн шинэ парадигма" сэдвээр тус тус илтгэл тавилаа.



Холбоотой мэдээ