“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд албан ёсоор өрнүүлж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-16 13:04:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотод өнөөдрөөс албан ёсоор өрнүүлж эхэллээ.


Үндэсний хөдөлгөөнийг нээж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн хүн амыг эрүүл, чанартай, хүнсээр хангах үүргээ биелүүлж буй хүмүүс цугласныг онцлоод, “Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдардаг нийслэл хот улсын ДНБ-ий 60 гаруй хувийг бүрдүүлдэг. ДНБ-ий 59.4 хувийг үйлчилгээний, 40.3 хувийг аж үйлдвэрлэл, 0.3 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Манай улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 76.1 хувь буюу 175 гаруй мянга нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Иймд өрсөлдөх чадвартай, инновацид тулгуурласан үйлдвэрлэл үйлчилгээнд хөрөнгө оруулж, тогтвортой эдийн засагтай болох зорьж байна. Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад мал аж ахуйг эрчимжсэн байдлаар бүсчлэн хөгжүүлэн, бүс нутгийн хязгаарыг шинэчлэн баталж, хүнсний хэрэгцээг дотоодоосоо хангах нөхцөл бүрдүүлнэ. Одоогоор 1727 иргэн төмс, хүнсний ногоо, жим жимсгэнэ тариалж, хүнсний 650 мянган үйлдвэрт 17 мянган ажилтан ажиллаж, 1.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж байгаа”-г тэмдэглэлээ.



Дэлхийн хүн амын 30 хувь нь хүнсний хомсдолд орж, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр зарим оронд хүнсний экспортын бүтээгдэхүүнээ хязгаарлаж байна. Бид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд бодлого боловсруулан тогтоол баталж, зохион байгуулалтын өөрчлөлт хийснээр энэ салбарт ирэх жилүүдэд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулж, дотоодын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангахыг зорьж байгааг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдлаа.


Тэрбээр хөрс, хүнс, хүн 3 салшгүй холбоотой. Иймд “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлснээр монгол хүн эрүүл амьдарна.  Үүнд та бүхний манлайлал, оролцоо чухал учир улс орны тусгаар тогтнол, үр хойчийн сайн сайхны төлөө хүчин зүтгэхийг уриалж байна хэмээв.


Улаанбаатар хотын хэрэгцээнд жилд 54.3 мянган тн мах бэлтгэж, 11.2 мянган тн шувууны мах, 45.2 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 54.3 мянган тн төмс, 9 мянган тн өндөг, 6.4 мянган тн цөцгийн тос хэрэгцээтэй. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн мах, гурил, төмсийг Монгол Улс дотоодоос 100 хувь хангадаг бол сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо өндөгний хангамжийг нэмэх шаардлагатай байгаа юм. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, давсны үйлдвэрлэлийг дотоодоос хангах боломжтой ч импортоор оруулж ирсээр байгаа. Ургамлын тос, давс, цөцгийн тос, тахианы мах, хүлэмжийн ногооны хангамж импортоос шууд хамааралтайг зохион байгуулагчид хэлсэн юм.


"Хүн ам олшрохын хэрээр улам нэмэгдэж буй хүнсний хэрэгцээнд тулгуурлан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай үйлдвэрлэлийг нэмэх, дотоодоос хангах, импортын бүтээгдэхүүний хамаарлыг багасгах, хүнсний сүлжээний бүх үйлчилгээг аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх нь чухал”-ыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэмдэглэж байлаа. 



Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нээлтийн үеэр гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, НИТХ болон нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, ТББ-ууд, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл 1200 хүн оролцлоо.


Ерөнхийлөгчийн санаачилгаар гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний орон даяар өрнүүлж байгаа. Хөдөлгөөнийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог нэмэхээр нээлтийг 21 аймагт зохион байгуулсан билээ. 

 

Холбоотой мэдээ