Монголын сагсчид өнөөдөр Вьетнамын багтай тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлд Ази тивийн сагсанбөмбөгийн АШТ-ий урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд болж байгаа бөгөөд Монголын шигшээ 2 хожилтой байна.
Вьетнам болон Тайланд
улсын багууд өчигдрийн эхний тоглолт байсан бөгөөд D хэсгийн энэхүү 7 дахь халз
тулаанд Тайландын баг 81:55-аар илүүрхэн тоглож өрсөлдөгч багаа хожлоо. Энэ өдрийн
сүүлийн тоглолт буюу D хэсгийн 8 дахь тулаанд талбайн эзэн Монголын баг Таити
улсын багтай тоглож 91:62-оор хожиж 2 дахь ялалтаа байгуулав.
Монголын шигшээ баг үлдсэн
чухал тоглолтуудын өмнө үндсэн бүрэлдэхүүнээ тоглуулахаас илүүтэй бусад сэлгээний
тамирчдаа түлхүү тоглуулсан юм. Ийнхүү тус тоглолтын багийн шилдгээр 18 оноо, 3
самбар, 4 дамжуулалт өгсөн М.Өлзий-Орших
тодорсон бол Б.Билгүүн, Т.Санчир, А.Ананд нар 10-аас дээш оноо авч жигд
тоглолт үзүүллээ.
Харин өрсөлдөгч багаас
М.Руфина 14 оноо, 8 самбараас авч багаа тэргүүллээ. Монголын баг хоёр хожилтой
болж, Таити улсын баг гурван хожигдолтой явна.
Тайланд, Вьетнамын багуудын
тоглолт эхнээсээ л Тайланд довтолгооны бүх үзүүлэлтээр эсрэг багаасаа илүү
тоглож өрсөлдөгч багаа 29 хувьтай довтлуулсан байв. Энэ тоглолтын шилдгээр 23
оноо, 5 самбар авсан Фредерик Ли Жонес Лиш
тодорлоо. Харин өрсөлдөгч багаас Жастин Янг 13 оноо, 9 самбар авч багаа
тэргүүлэв.
Тайландын баг гурван хожилтой бол Вьетнамын баг 1 хожил, 1 хожигдолтой болоод байна.