Монголын боксчид Тивийн АШТ-ээс 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-13 21:58:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йордан улсын Амман хотноо Ази тивийн сонирхогчдын боксын 2022 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн 11 өдөр үргэлжилж шилдэг боксчдыг шалгарууллаа.


Энэ удаагийн Ази тивийн АШТ-д 30 орны 320 эмэгтэй, эрэгтэй боксчид хүч, зориг, ур чадвараа сорьсон юм.

Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд шинэ залуу тамирчдыг олноор оролцуулсан бөгөөд тэд ч үүргээ сайн биелүүлж 2 мөнгө , 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар 11 дүгээр байрт орлоо.


“Амман-2022” Ази тивийн АШТ-ээс Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн  60 кг жинд Т.Номин-Эрдэнэ, эрэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Б.Буяндалай нар мөнгө медаль хүртэв. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг жинд ОУХМ Э.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ Х.Энхмандах, 57 кг-д залуу тамирчин Г.Лундаа 67 кг-д ОУХМ Б.Чинзориг, 71 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэд болов.




Өмнөх жилийн буюу 2021 оны АНЭУ-ын Дубай хотноо болсон Ази тивийн АШТ-ээс 3 алт /Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг/, 5 хүрэл /О.Өнөболд, Б.Мишээлт, Л.Алтанцэцэг, Э.Мичидмаа, М.Мягмаржаргал/ медаль хүртэж байсан билээ.


Энэ удаагийн тивийн АШТ-д оролцсон багийн дүнг танилцуулахад, медалийн чанараар Казахстаны шигшээ баг 6 алт, 7 мөнгө, 8 хүрэл, Узбекистаны шигшээ 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл, Энэтхэг 4 алт, 2 мөнгө, 6 хүрэл медальтай эхний 3 байрыг эзэллээ. Харин 4, 5 дугаар байрт тус бүр  2 алтан медаль хүртсэн Йордан, Тайланд улсууд шалгарсан байна. 





Холбоотой мэдээ