ХӨВСГӨЛ: “Хөвсгөл судлал” эрдэм шинжилгээний бага хуралд 20 гаруй судлаач оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-11 14:30:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар БШУЯ, Шинжлэх ухааны академитай хамтран Монголын төр, боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Базарын Ширэндэвийн 110 жилийн ойн хүрээнд “Хөвсгөл судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.



Эрдэм шинжилгээний бага хурлаар Хөвсгөл аймагт тулгамдаж буй асуудлууд, цаашид Хөвсгөл аймгийг хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлох гарц, шийдлүүдийн талаар хэлэлцэж, шийдвэр гаргах зорилготой.

Тус хуралдаанд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, Доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн, Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун болон ШУ-ны академи, МУИС, МУБИС, ШУТИС, АШУИС, ХААИС-ийн судлаач, доктор, профессорууд Хөвсгөл аймгийн 6 угсаатны түүх, соёлыг судалдаг  20 гаруй  судлаач оролцож байна.


Базарын Ширэндэв нь Монгол Улсын нэрт эрдэмтэн, түүхч, төр нийгмийн зүтгэлтэн бөгөөд 1961 онд академич, 1997 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.

Б.Ширэндэв  “БНМАУ-ын түүх”-ийн нэг ба гурван ботийг туурвих ажлыг удирдаж, Монголын шинжлэх ухаан, түүх, соёл, намтар судлал, утга зохиолын салбарт 300 гаруй бүтээл туурвисан эрдэмтэн. Тэрээр 1921 оны хувьсгалын түүхийн сэдвээр дэд эрдэмтэн, докторын зэрэг хамгаалж, “Монголын ардын хувьсгал” бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн. ЗСБНХУ, БНАГУ, БНБАУ, БНПАУ-ын ШУА-ийн Хүндэт ба гадаад гишүүн, Английн Лидсийн Их сургуулийн утга зохиолын Хүндэт доктор цол хүртэж байжээ.

 

 

 

Холбоотой мэдээ