Ногоон байгууламж, явган болон дугуйн замын төлөвлөлт хийж, Хотын даргад танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-09 09:23:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төвийн 6 дүүргийн удирдлагатай уулзаж, ирэх жил хийхээр төлөвлөж буй явган болон дугуйн зам, ногоон байгууламжийн талаарх мэдээлэлл сонсов.


Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 64 байршилд чөлөөлөх шаардлагатай 1559 гараашаас энэ онд 1234-ийг буулгаж, эхнээс нь явган болон дугуйн зам тавиад эхэлсэн бол Хан-Уул дүүргийн удирдлагууд Эко коридор байгуулахаар төлөвлөснөө танилцуулжээ.


Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс одоо байгаа дугуйн, явган зам, мөн үүнийг хэрхэн нэмэх, түгжрэлийг багасгахаар хийх богино хугацааны төлөвлөлтийг танилцуулав. Хотын төвийн барилгажсан хэсэгт 31.4 км дугуйн зам байгаа ч эдгээр нь тасалдчихдаг, хоорондоо холбогдоогүй нь бий. Иймд эдгээрийг холбох, дугуйн замаар зорчиж ажилдаа явах нөхцөл бүрдүүлэхэд 31.5 км явган болон дугуйн зам шаардлагатайг судалжээ.


Хотын дарга “Дугуйн болон явган зам тавихдаа иргэдийн зорчих хөдөлгөөний урсгалыг тооцож, бодит төлөвлөлт хийх хэрэгтэй. Дүүргийн удирдлагууд замын трасс гаргаж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн тооцоо судалгаатай уялдуулъя. Явган замыг хамгийн багадаа 3 метр өргөн байхаар төлөвлөх хэрэгтэй” хэмээсэн юм.


Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва “Дүүргүүдээс төлөвлөлтийг авч, саналыг нь тусган нэгдсэн байдлаар төлөвлөе. Богино, урт хугацааны шийдлийг төлөвлөснөөр хотын түгжрэлийг багасгахад хувь нэмэр оруулна” гэжээ.


Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Рио Тинто Монгол" ХХК-тай хамтран ажиллах 2 талт гэрээ байгуулсан. Ингэснээр гэр хорооллын бүсийн 2 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнг хаана байгуулах талаар дүүргүүдийн удирдлагатай санал солилцлоо. Олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэйг, үүнийг даган гэр хороололд бүтээн байгуулалт өрнөж, бизнес өргөжнө гэдгийг онцлов.


Тэрбээр, дүүргүүдийн удирдлагад хаана, ямар ногоон байгууламж, явган болон дугуйн зам барих төлөвлөлтөө 7 хоногийн дотор бэлтгэж, Нийслэлийн Бодлогын шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаатай нэгтгээд, 14 хоногийн дараа нэгдсэн төлөвлөлтөө танилцуулах үүрэг өгснийг нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах газар мэдээллээ.

 

Холбоотой мэдээ