Авто зогсоол ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох тогтоолын төсөлд санал авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто зогсоолын төлбөрийг 10 гаруй жилийн өмнө тогтоосон үнэлгээгээр авч, замын сангийн орлого бүрдүүлж байгаа тул инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага байна.
Тогтоолын төсөлд авто зогсоолд тээврийн хэрэгслийг
байршуулахад эхний 15 минут үнэгүй, нэг цаг хүртэл 1000, хоёр дахь цагт 1500,
гурав дахь цагт 2000, дөрөв дэх цагт 4500 төгрөг, 4 дэх цагаас хойш цаг тутам 4500 төгрөг
байхаар тусгаад байна. Төлбөрийг
дөрөв дэх цагаас эхлэн цаг тутам 4500 төгрөгөөр тогтоох нь олон цагаар тээврийн
хэрэгслийг авто зогсоолд байршуулахгүй байх, зогсоолын сэлгэлт сайжирч,
хүртээмж нэмэх, авто замын түгжрэлийг багасгах нэг алхам болохыг
нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.
Түүнчлэн
авто зогсоолын төлбөр нэмснээр татвар төлөгчийн мөнгөөр бус, авто тээврийн
хэрэгсэл хэрэглэгчдийн төлсөн татвараар авто замын сүлжээний өргөтгөл шинэчлэл, засвар үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэнэ.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” НИТХ-ын тогтоолын төслийг олон нийтээс санал авч, хэлэлцүүлэхээр https://ulaanbaatar.mn/votes-д байршуулжээ.
Мөн тогтоолын төсөлд саналаа project@ulaanbaatar.mn, ulaanbaatartrafficproject@gmail.com цахим
хаягаар ирүүлэх боломжтой аж.
Авто замын тухай хуульд зааснаар авто зогсоол ашигласны
төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн
Засаг дарга баталж, мөрдүүлэх эрх зүйн зохицуулалттай. НИТХ-ын 2009 оны тогтоолоор баталсан Нийтийн эзэмшлийн зам талбайд
тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журмын дагуу замын байгууламж
ашигласны төлбөрийг хурааж, Авто замын тухай хуульд заасны дагуу авто замын санд төвлөрүүлж
байна.