Зургаан чиглэлд 9.5 сая мал отроор өвөлжүүлэхээр бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-08 08:37:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зудын эрсдэлтэй аймгийн малчид отор нүүдэл хийх нь өмнөх жилийнхээс ихсэж, одоогоор 6 чиглэлд 9.5 сая мал отроор өвөлжүүлэх урьдчилсан тооцоо гарсныг УОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү мэдээлэв.


Шадар сайд С.Амарсайхан отор нүүдэл хийх бэлтгэлийг аймаг, орон нутгууд эртнээс хангаж, малчид, орон нутгийн удирдлага, мал эмнэлгийн байгууллага бүх шатандаа хамтарч ажиллан, малын вакцинжуулалтыг эрчимжүүлэх, гоц халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэхийг анхаарууллаа.



Цаг уур, орчны шинжилгээний газраас 10 дугаар сарын 31-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 30 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа дүгнэлт гарчээ. Үүнд сүүлийн 10 хоногт цас ахиу орсон Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгийн зарим нутгаар зудын эрсдэлийн зэрэг нэмэгдэж гарсныг ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин тэмдэглэсэн юм.


Мөн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймаг өнгөрсөн зун зуншлага тааруу, гандуу, гантай байсан аймгийн нутагт зудын эрсдэл их байна. Зуншлага сайн, хур бороо элбэг зуншсан төвийн бүс нутгуудад өдөр, шөнийн температур хэлбэлзэлтэй буюу шөнөдөө сэрүүн байсан нь зудын эрсдэлийг нэмж байгаа аж.

Холбоотой мэдээ