Монгол, Япон, Австрали улсуудын дипломат харилцааны 50 жилийн ойн дурсгалын зоосууд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-11-07 15:54:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас Монгол-Япон улс болон Монгол-Австралийн Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан дурсгалын зоос гаргажээ.


“Монгол Улс-Япон Улс”, “Монгол Улс-Австралийн Холбооны Улс” гэсэн эдгээр зоосны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Монголбанканд боллоо. Нээлтэд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Австралийн Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Смит нар оролцов. 


Хоёр улсын Элчин сайд нар гурван орны бүх харилцааны илэрхийлэл болсон дурсгалын зооснуудыг гаргаж буй Монголбанк болон тус банкны Эрдэнэсийн сан, Монгол Улсын Засгийн газар, зоосыг урласан уран бүтээлч нарт талархаж буйгаа илэрхийллээ. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Монгол, Япон, Австрали улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлэн баяр хүргээд, ойд зориулсан дурсгалын ялтсан дэвсгэртийг хоёр орны найрсаг харилцаа, хөгжлийг үндэсний хувцастай, хойч үеийн хүүхдүүдээр төлөөлүүлэн бүрэн дүүрэн дүрсэлж илэрхийлснийг онцоллоо.



Австралийн Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай К.Смит хэлэхдээ, “Бид Монголбанктай, ялангуяа энэ чухал институтэд хувь нэмрээ оруулан ажилладаг олон монгол болон австрали төгсөгчтэй холбоотой ажлладагт баяртай байдаг” гэв.


Тэрбээр, 2022 он нь Монгол, Австралийн найрсаг харилцааны хагас зуун жилийн ойг тэмдэглэсэн түүхэн жил болж буйг тодотголоо. “Бидний харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал болон иргэд хоорондын харилцаа зэрэг олон салбарт цэцэглэн хөгжиж байна” гэв.


Мөн энэ онд дипломат харилцааны ойд зориулан Монгол Улсын төр, засгийнхны айлчлал, яамд хорондын зөвлөлдөх уулзалт зэрэг олон үйл ажиллагаа амжилттай болж, монгол оюутнууд Австрали улсад тэтгэлгээр суралцаж буйг онцолж, өнөөдрийн гаргаж буй дурсгалын зоос нь хоёр орны бат бөх, найрсаг харилцааны нэгэн тод илэрхийлэл болж буйг тэмдэглэн хэлэв.


Түүнчлэн Австрали Улсын дотны түнш Япон Улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэж буйд баяртай байгаа бөгөөд Японоос зохион байгуулж буй олон үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүд Монгол Улстай ойр дотны харилцаатай байдгийг илтгэж байна хэмээн онцолсон юм.


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дурсгалын зооснуудын нээлтийн ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ, зооснуудыг нь дугуй хэлбэрээр ихэвчлэн гаргаж байсан бол одоо техник, технологийн дэвшилтэй зэрэгцэн янз бүрийн хэлбэрээр гаргаж буйг тодотгож, дипломат харилцааны түүхэн 50 жилийн ойнуудад зориулсан энэ удаагийн зооснуудыг цаасан хэлбэр шиг, ялтсан мөнгөн дэвсгэртээр гаргаж байна гэв.


Төв банкны тэргүүн хэлэхдээ, Монгол Улс-Япон Улсын хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-нд, Монгол Улс-Австралийн Холбооны Улсын хооронд мөн оны есдүгээр сарын 15-ны өдөр тус тус албан ёсоор дипломат харилцаа тогтоосныг тодотгосон юм. 

Холбоотой мэдээ