Хятад улс сансрын станцаа тойрог замд угсарч дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-11-03 14:08:28

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын сансрын станцыг угсрах ажил пүрэв гарагт дуусаж, станц эцсийн Т хэлбэрээ олж авлаа гэж тус улсын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас мэдээллээ.


Бээжингийн цагаар 09 цаг 32 минутад “Мэнтянь” туршилтын модулийг гол Тяньхэ модульд амжилттай залгажээ.


Хятадын сансрын нисэгчид (“Шэньжөү-14” хөлгийн багийн гишүүд) өнөөдөр "Мэнтянь" модуль руу орох төлөвтэй байна.


Одоогийн байдлаар Хятадын станц нь “Тяньхэ” үндсэн модуль, “Вэнтянь”, “Мэнтянь” лабораторийн модулиудаас гадна “Тяньжөү-4” ачааны хөлөг болон “Шэньжөү-14” жолоодлогот сансрын хөлгөөс бүрдэж байна.


"Тяньгун"  буюу “Тэнгэрийн ордон” хэмээн нэрлэсэн, Хятадын тойргийн замын станц 400 км-ийн өндөрт байрлаж байгаа юм. Залгах гурван зангилаа, задгай сансарт гарах гарц бүхий Т хэлбэртэй цогцолборын жин нь 66 тонн бол тасалгаануудын нийт эзэлхүүн 110 шоо метр ажээ. Сансрын гурван нисэгч станц дээр байнга ажиллах бол баг солигдох үед зургаа хүртэлх нисэгч хүлээн авах боломжтой байна. 


Хятадын сансрын станцыг 2022 оны эцэс гэхэд ашиглаж эхлэх бөгөөд Хятадын эрх баригчдын амласанчлан олон улсын төслүүдэд ашиглах боломжтой болно.


Холбоотой мэдээ