СҮХБААТАР: Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-27 15:22:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, аймаг орон нутгийн төсвийг бүрдүүлэгч томоохон салбар бол уул уурхай буюу олборлох үйлдвэрлэлийн салбар. Улсын хэмжээнд хариуцлагатай уул уурхайг дэмжих замаар хөгжлийг хурдасгах, үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого барьж буй. Тиймээс салбарын үйл ажиллагааг ил тод болгож, иргэд олон нийтийг зөв мэдээллээр хангах нь нэн чухал болоод байгаа юм. Энэ хүрээнд “Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Сүхбаатар аймагт зохион байгуулж байна.

УУХҮЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй тус чуулганд Дорнод, Хэнтий аймгийн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөл, уул уурхайн компаниудын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцож байна. Чуулганаар зүүн гурван аймагт ил тод, хариуцлагатай уул уурхайн талаар төрөөс баримталж буй бодлого, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад оролцогч талуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, төр ба хувийн хэвшил, иргэний нийгмийн гурван талт хамтын ажиллагааг дэмжиж туршлага солицох юм.

Сүхбаатар аймгийн хувьд 2009 оноос уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулж ирсэн бөгөөд энэ нь улсын хэмжээнд анхдагч байгаад зогсохгүй үр дүнтэй ажил болж бусад аймагт хэрэгжүүлэхуйц туршлага болж буйг УУХҮЯ-ны төлөөлөл онцоллоо.


2022 оны 8 дугаар сарын байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл 68, хайгуулын тусгай зөвшөөрөл 37, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй таван компани байна. 


Аймгийн хөгжлийн хөтөлбөр, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар орон нутгийн хөгжилд оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Тодруулбал хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт хангуулж, томоохон уул уурхайн төслүүдийг дэмжин ажиллах, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хамтын ажиллагааны гурвалсан гэрээг байгуулах, уул уурхайн салбар буюу олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх аймаг, сумдын дэд зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг зорилтын хүрээнд бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2022 онд 12 ААН-тэй гурвалсан гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийн санд 1,6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Цаашид орон нутагт ашиглалт тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах ААН-үүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байлаа.

Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр УУХҮЯ-ны мэргэжилтнүүд салбарын өнөөгийн нөхцөл байдал, төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байгаа бол 10 дугаар сарын 28-нд бүсийн гурван аймагт олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангахад тулгарч буй саад бэрхшээлийн талаар мэдээлэл солилцон, хэлэлцүүлэг хийх аж.

 

Холбоотой мэдээ