“Агаар орчны бохирдлыг бууруулах технологи -2022” үзэсгэлэнг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-07 10:02:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэнг энэ сарын 8,9-нд зохион байгуулна.


Ес дэх жилдээ зохион байгуулж буй байгаль орчинд ээлтэй ногоон технологийн үзэсгэлэнд аж ахуйн нэгж, байгууллага байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологи инновацын шийдлээ сонирхуулах юм. Тухайлбал, агаар, орчны бохирдлыг багасгах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дулаалга, агаар цэвэршүүлэгч, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг багасгах технологи, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх зэрэг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.


Мөн БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо 2019 оноос Хаан, Хас, Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх юм. Түүнчлэн, “Ногоон зээл”-ийг агаар, орчны бохирдлыг багасгах, байгальд ээлтэй, бүтээмжтэй тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжихээр иргэнд жилийн 2-3 хувь, аж ахуйн нэгж, байгууллагад 8 хувийн хүүтэй олгож буй зээлийн талаар мэдээллийг авах боломжтой.


Байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг багасгахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах, ногоон технологийг иргэдэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийн дадал, хандлага бий болгох зорилгоор үзэсгэлэнг Дүнжингарав худалдааны төвийн “Нэг цэгт” зохион байгуулах юм.  



 

Холбоотой мэдээ