Герман дахь Монгол Улсын Өргөмжит консулуудын уулзалт болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-03 18:17:39
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ, Германд ажилладаг өргөмжит консулуудын жилийн ээлжит уулзалтыг 10 дугаар сарын 1-ний өдөр Мюнхен хотноо зохион байгуулжээ.


Уулзалтад Элчин сайд Б.Мандахбилэг тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөгчид болон өргөмжит ерөнхий консул А.Питум, өргөмжит консул Ш.Шмитц, өргөмжит консул Р.Штут, өргөмжит консул Р.Блайнрот нар оролцсон байна.


Уулзалтыг нээж Элчин сайд Б.Мандахбилэг үг хэлэхдээ Монгол Улсын улс төр, нийгэм, гадаад худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг танилцуулжээ. Тэрбээр мөн ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй өргөмжит консул нар Монгол Улсыг эерэгээр сурталчлан таниулах, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалсан байна.


Өргөмжит консулууд 2022 оны ажлын гүйцэтгэл болон 2023 оны ажлын төлөвлөгөөгөө тус тус танилцуулсан бөгөөд ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэг өргөмжит консулуудын 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ 2022 онд хоёр улсын консулын харилцааны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгчээ. Мөн өргөмжит консулуудын жилийн тайланд дүгнэлт үнэлгээ хийж, ХБНГУ-д суугаа иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чанаржуулах талаар удирдамж, чиглэл өгөн ажиллажээ.


Арга хэмжээний хүрээнд Элчин сайд Б.Мандахбилэг 2022 онд шинээр томилогдсон Хамбург хот муж улсад суугаа өргөмжит консул Р.Штут, Баден-Вюрттемберг муж улсад суугаа өргөмжит консул Р.Блайнрот нарт өргөмжит консулын тамгыг ёс төгөлдөр гардуулан өгчээ.


Холбоотой мэдээ