ДАРХАН-УУЛ: Хөдөлмөрийн яармагийн эхний өдөр 35 байгууллагаас 84 ажлын байрны захиалга иржээ

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-28 21:08:11

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Халамжаас хөдөлмөрт шилжиж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, ажил хайж буй иргэдийг ажилд зуучлах нийгмийн түншлэлийн гурван талт “Хөдөлмөрийн яармаг-2022” Найрамдал талбайд эхэллээ.


Тус үйл ажиллагааг аймгийн ХХҮГ, ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэл хамтран зохион байгуулж байна. Нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээний хүрээнд дээрх байгууллагууд нээлттэй ажлын байрыг иргэдэд танилцуулах, зуучлах, хөдөлмөрийн тухай хуулийн талаар иргэдэд мэдээлэл өгөх аж. Энэ сарын 28-ны өдрөөс аравдугаар сарын зургаан хүртэл үргэлжлэх хөдөлмөрийн яармагийн эхний өдөр  ХХҮГ-ын ажлын байрны шинэчилсэн бүртгэлд 35 байгууллагын 84 ажлын байрны захиалга иржээ. Түүнчлэн тус газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ, ахмадын амралт, сувилалтай холбоотой үйлчилгээг үзүүлж байна. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ортопед, протезийн хэрэгсэл нэхэмжлэн олгох ажил хийгдэж байна. Энэхүү хөдөлмөрийн яармагт Улаанбаатар хотоос “Тунгалаг аялгуу” ХХК оролцож өөрсдийн оруулж ирдэг сонсголын аппаратыг иргэдэд танилцуулж, тохируулах, суулгах ажил хийж байгаа ажээ. Харин “Дунд бүрэн” ХХК тусгай хэрэгсэл болох хөтөвч, суултуур, тэргэнцэр зэрэг олон нэр төрлийн тусгай хэрэгслийг нийлүүлэх, худалдах ажлыг зохион байгуулж байна.

Урд өмнөх жилүүдэд иргэн ажил хайдаг байсан бол энэ жилийн тухайд ажил олгогч нь өөрийн байгууллагаа, ажиллах орчин, хөдөлмөрийн нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэн зэргийг танилцуулж байна гэж аймгийн АОЭХ-ны тэргүүн Д.Соёлтуяа хэлж байлаа. Түүнчлэн мэргэжлийн сургууль төгсөгчдийг шууд ажилд зуучлах, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгаа салбарын ажил олгогчидтой хамтран ажиллаж байгаа аж.

Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн талаарх мэдээллийг нэг дороос авах боломжийг “Хөдөлмөрийн яармаг-2022” олгож байна. Аймгийн ХХҮГ-аас иргэдэд бүх мэдээллийг нэг дороос өгөхөөс гадна алслагдсан гэр хорооллын багийн төвд тус үйлчилгээг үзүүлэх аж. Есдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн  Орхон, Хонгор, Шарын гол сумын төв болон хөдөөгийн малчин өрхүүдэд ч "Хөдөлмөрийн яармаг-2022" үйл ажиллагааны хүрээнд 7 хоногийн турш хүрч ажиллах ажээ. Төрийн үйлчилгээг малчин өрхүүдэд үзүүлэхэд ГХБХБГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Татвраын хэлтэс, ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэл хамтран оролцох аж.

 

Холбоотой мэдээ