ХОВД: Хөгжлийн бэрхшээлтэй 3000 орчим иргэн байна

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-26 20:25:22

Ховд/МОНЦАМЭ/.  Өдгөө дэлхийн хүн амын 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэх судалгаа мэдээлэл бий. Энэ тоо нь халдварт бус өвчин, насжилт, зам тээврийн осол, зөрчил мөргөлдөөний улмаас гэмтэх зэргээс шалтгаалан тасралтгүй нэмэгддэг аж. 


Ховд аймгийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй 3000 орчим иргэн
аж төрж байгаа нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд өнөөгийн байдлыг үнэлж дүгнэх, цаашид нийгмийн хөгжилтэй уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь чухал гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Энэ хүрээнд сургалтын 7 багц гарын авлага гаргаж, нутагшуулах эхлэл тавьсан байна. Тодруулбал, АИФО (Associazine italiana Amici Di Raoul Follereau) байгууллага нь ДЭМБ-ын дэмжлэгээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ” сэдэвт багц гарын авлагыг орон нутагт суурьшуулах туршилтын төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд 8 аймаг, нийслэлийн 4 дүүрэг хамрагдаж байгаагийн нэг нь Ховд аймаг юм

Туршилтын төслийг орон нутагт нутагшуулах зорилгоор Ховд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллийг оролцуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх нь” сэдэвт сургалтыг өнөөдөр  зохион байгууллаа. 

Тус сургалтын явцад сум, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар шинэ ойлголт, мэдээлэлтэй болж буй. 

Холбоотой мэдээ