“Монгол Хятадын найрамдлын 7 хоног”-ийг албан ёсоор нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-26 14:41:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Хятадын найрамдлын 7 хоног”-ийг албан ёсоор нээлээ.


Найрамдлын өдрүүдийг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлсэн үгэндээ, “Энэ онд Монгол Улс, БНХАУ бодлогын баримт бичгийг уялдуулан хөгжлөө хамтдаа тодорхойлъё гэсэн нь харилцаа шинэ  түвшинд гарсныг илтгэнэ. Хоёр талын харилцаа энэ цаг үед байж болох хамгийн өндөр түвшинд хүрсэн. Бээжин хотод барьж буй Монгол Улсын Соёлын төвийг 10 дугаар сард ашиглалтад оруулна. Соёлын төвөөрөө дамжуулан Монголын тухай мэдээллийг түгээж танилцуулна” хэмээн тэмдэглэв.



Монгол Улс, БНХАУ нь уул усаар холбогдсон, найрамдалт хөршүүд гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй онцлоод, “Хоёр улсын харилцааг 2014 онд иж бүрэн түншлэлийн түвшинд шилжүүлснээр хамтын ажиллагаа бүх чиглэлд гүнзгийрч байна. Цар тахлын үед ч харилцан бие биедээ тусалсан нь түүхэнд бичигдэж үлдлээ. Узбекистаны Самарканд хотноо болсон ШХАБ-ын хурлын үеэр хоёр улсын тэргүүн 2 талт болон 3 талт уулзалт хийж чухал тохиролцоонд хүрч, харилцаанд амжилт, дэвшилт гарсныг тэмдэглэхэд таатай байна. БНХАУ нь Монголын талтай үнэнч шударга, уужуу, найрсаг харилцаж ирсэн, ийм ч байх болно. Өнө эртний түүхтэй уламжлалт харилцаагаа дээдэлж, тасралтгүй үргэлжлүүлж байна” гэсэн юм.


Хоёр улсын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрлээ. Ард түмний хоорондын харилцаа, харилцан итгэлцлийг сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, найрамдалт харилцааны хүрээнд иргэд, залуусыг хүмүүнлэгийн ажил, оюутан солилцоогоор өргөжүүлнэ гэж боддог. Иймээс соёл,  найрамдлын өдрүүдийг сэргээх шаардлагатайг Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх дурдлаа.


Эдгээр өдөрт нийслэлд “Аз жаргалтай Тяньжин хот”, Ховд хотод “Шиньжан нутгийн өнгө төрх”, Өлгий хотод “Үзэсгэлэнт Юньнань нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “Хятадын соёлын мэдлэгийн толь” бүтээлийн монгол хэвлэлийн нээлтийн ёслол болно.

Түүнчлэн, ГХЯ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг хамран “Монгол, Хятадын найрамдал, хамтын ажиллагааны байдал, цаашдын төлөв” дугуй ширээний хэлэлцүүлэг, ярилцлагыг МҮОНТВ, радиогоор дамжуулах юм. Мөн БНХАУ ядуурлаас хэрхэн ангижирч, цөлжилттэй хэрхэн амжилттай тэмцэж байгаа тухай баримтат киног телевизийн сувгуудаар танилцуулна. Зохиолч, судлаач, сэтгүүлчдийн дунд “Хятад орны хөгжил цэцэглэл миний нүдээр” шилдэг нийтлэлийн уралдаан зарласныг дүгнэн, өнөөдөр шагналыг нь гардуулах аж.


Дөч гаруй жил тасалдаад байсан найрамдлын долоо хоногийг Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулж байна. “Монгол Хятадын найрамдлын 7 хоног” энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.


 

 

Холбоотой мэдээ