Химийн бордоо ашиглаагүй, органик бүтээгдэхүүнээ борлуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 2 дахь өдрөө Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.
ХХААХҮЯ-наас
жил бүрийн намар тээвэр логистик, худалдаа, эдийн засаг,
байгаль цаг уурын энэ хүнд хэцүү цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчээ дэмжих, шинэ
ургац, орон нутгийн брэнд, үндэсний үйлдвэрийн шилдэг
бүтээгдэхүүнийг нэг цэгээс хямд үнээр худалдан авах, өвлийн нөөцөө бэлтгэх,
бизнес эрхлэгчид хамтран ажиллах, туршлага солилцох нөхцөл бүрдүүлэхээр
зохион байгуулдаг уламжлалтай. Үзэсгэлэн худалдаанд нийслэл,
орон нутгаас 400 гаруй үйлдвэрлэгч, тариаланч 2000 орчим төрлийн хүнсний
шинэ ургацын ногоо, бүтээгдэхүүнийг 7 өдрийн турш түрээсийн
төлбөргүйгээр худалдан борлуулж байгаа юм. Мөн шинэ
ургацын ногоог үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд ойртуулахаар
нийслэлд шууд борлуулах 350 цэг, дэлгүүр ажиллуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд манай улсад анхлан
хэрэгжүүлсэн хүнсний органик бүтээгдэхүүнийг танилцуулж байв. Германы Эдийн
засаг хөгжлийн яам, Адра төслийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Органик хөдөө аж
ахуйн түншлэл төслийн менежер Г.Цэцгээ бүтээгдэхүүнийхээ талаар ярихдаа, “Монголд
органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Сэлэнгэ аймгийн 11 суманд 400 ногоочин,
30 зөгийчин буюу анхан шатны 30 хоршооны жижиг талбайд ногоочин зөгийчидтэй
хамтран ажилладаг. Төсөл хэрэгжүүлээд
4 жил болж байна. Монгол Улс 2016 онд органикийн
тухай хуультай болж, 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийг
орон нутагт таниулан, органикийн
стандартыг яаж хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулснаар ногоочид
маань Монгол Улсын органик хүнсний системд
бүртгэлтэй болсон. Одоогоор давхардсан тоогоор 700
гаруй бүтээгдэхүүн гаргаж байгаа. Хүнсний ногоо гэхэд 31 төрөл,
үүн дээр зөгийн бал нэмэгдэнэ. Баталгаажсан шошго тэмдэглэгээ
бүхий органик бүтээгдэхүүнээ Засгийн газрын онлайн системд бүлгээрээ
бүртгүүлсэн. Энэ үзэсгэлэнд 20 гаруй
бүтээгдэхүүнтэй оролцож байна. Бүтээгдэхүүн бүхэн QR кодтой”
гэлээ.
Тэрбээр органик хүнс нь байгальд, хүний
эрүүл мэндэд ээлтэй, тэжээллэг бүтээгдэхүүн болохыг
онцлоод, “Органик гэдэг нь ногоон байна гэсэн үг.
Хүнсний ногоо тариалахдаа хөрсөө эрүүл байлгах, эрчим хүч, усыг яаж бага хэрэглэхэд
анхаардаг. Скандиновын орны хүмүүс жилд 2-5ш пластик уут хэрэглэдэг бол
монгол хүн жилд 100-150-ийг хэрэглэж байх жишээний. Иймд
бид илүү органик байж, байгалиа хайрламаар байна”
хэмээв.
Органик бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд органик бүтээгдэхүүний үнэ 2-8 дахин их байдаг. Харин манай улсад нэг кг тутамд 300-1000 төгрөгийн зөрүүтэй байна. Органик гэдэг нь химийн синтетик бордоо, генийн өөрчлөлттэй үр хэрэглэдэггүй бөгөөд олон стандарттай байдаг аж. Тухайлбал, тариалангийн талбай нь өдөрт 3000 машин явдаг төв замаас дорж хаяж 250м зайтай байх, хогийн ургамалтай тэмцэхэд механик арга ашиглах, багаж, хөрсөө ариутгах, хамгийн энгийн буюу саван, содын уусмалаар хортон шавжтай тэмцдэг байна.