ДАРХАН-УУЛ: Оюутнууд нарс модны тарьц бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-08 19:04:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон-Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймаг арван жилийн дотор хорин сая мод тарина. Мод тарих ажлыг зохион байгуулахдаа урлаг, соёл, боловсролоор дамжуулан хүүхэд, багачууд, оюутан залуучуудад модны үрсэлгээ, тарьц суулгац бэлдэх аргачлалыг зааж сурган, өөрсдөөр нь бэлтгүүлэн мод тарих ажилд өргөнөөр хамруулах аж. Энэ хүрээнд аймагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд, политехникийн коллежийн зургаан мянга гаруй оюутан, сурагчдаар нарс модны тарьц бэлтгүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.  Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлангаар ахлуулсан “Ногоон-Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн их, дээд сургууль, политехникийн коллежийн удирдлагуудтай уулзан, мод тарих, тарьц суулгац, үр үрсэлгээ бэлтгэх, сургалт зохион байгуулах зэрэг асуудлаар хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж чиглэл өглөө.

 

Холбоотой мэдээ