БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хотоос 145 тонн эзэнгүй хог хаягдал ачиж зайлуулав

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-07 11:42:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 377 дугаар захирамжаар орчны бохирдлыг бууруулах, ард иргэдэд хоггүй цэвэр орчинд амьдрах дадал хэвшүүлэх зорилгоор "Хоггүй цэмцгэр Өлгий" аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар зарласан.


Аян өрнүүлэхэд дэмжлэг болгож аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 19 сая төгрөг шийдвэрлэж өгсөн байна.


Аяны аяны хүрээнд одоогийн байдлаар аймгийн төв Өлгий сумын 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт уулын энгэр, жалга, үерийн далан, шуудуу, зам дагуу олон жилийн турш хуримтлагдсан хог хаягдал, мөн айл өрхүүдийн дунд хаясан машины хаягдал төмрүүдийг цэвэрлэсэн байна. Ингэхдээ тээврийн зардлыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас дээр дурдсан эх үүсвэрээс олгосон бол цэвэрлэгээний ажилд оролцсон иргэдийн цалин хөлсийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас шийдвэрлэжээ.


"Хоггүй цэмцгэр Өлгий" аянаар аймгийн төвөөс нийтдээ 145 тонн хог хаягдлыг ачиж зайлуулжээ. Энэ нь 2021 онд цэвэрлэсэн хог хаягдлаас 126 тонноор илүү байна.


Цэвэрлэсэн хогийн ихэнх нь айл өрхүүдийн хашааны гадна хаясан үнс, малын сэг зэм, хүүхдийн живх, архи, ундааны сав болон бусад төрлийн ахуйн хог байсан хэмээн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Марина хэлэв.


Иймд хашааныхаа эргэн тойронд хог хаясан айл өрхүүдэд шаардлага тавьж, орчин тойрноо байнга цэвэрлэх зөвлөмж өгчээ. Мөн 100 гаруй айл өрх болон аж ахуйн нэгжид дэд бүтцийн шугам хоолой, нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан, хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хог хаяхгүй байхыг анхааруулж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан байна.


"Хоггүй цэмцгэр Өлгий" аян дахин 1 сар үргэлжилнэ. Харин ирэх жил уг ажилд зориулж ахиухан мөнгө төсөвлөхөө аймгийн удирдлагууд илэрхийлсэн ажээ.  

Холбоотой мэдээ